Wednesday, December 2, 2009

Хүн гэдэг, бусдад тусалж байж өөрөө сайн сайхан амьдардаг


-Сайн сайхан амьдрал өөрөө хүрээд ирдэггүй-
"Би удаан хугацаанд байнгын уур бухимдалтай, нийтэч бус, хувиа хичээсэн байдалтай амьдарч байсан юм. Өнөөдөр нийгэм хүнд байна шүү дээ. Дараа нь эргэцүүлэн бодлоо. Үнэхээр ингээд амьдралын баяр баясгалангүй насыг барах нь утгагүй, даанч харамсалтай санагдлаа. Эргэн тойрон хөмсөг зангидсан, стресст автчихсан, хэт улстөржчихсөн хүмүүс байгаа нь үнэн. Гэвч би заавал тэднийг дууриах албатай биш биз дээ.

Тэгээд би шинээр амьдрах зорилго тавьсан. Маргааш өглөө нь босоод толинд хараад инээмсэглэв. Нар цацарсан сайхан өдөр байсанд хэрэндээ л олзуурхав. Сэтгэл уужрах шиг болж байна. Тэр өдөр миний хөөцөлдөөд бүтэхгүй байсан ажил санасанаар бүтлээ. Урам зориг ч их орж байна. Гэртээ ирээд ийм амархан бүтсэнд гайхсан. Гэтэл бичиг баримтаа хагас дутуу, ойлгоход хүндрэлтэй байдлаар бичсэн байх юм. Үүнээс хойш бичиг баримтаа эмх цэгцтэй байлгаж, уур бухимдалгүй тайван үедээ л бичдэг болсон. Бас нэг нээлт хийсэн нь бид дэндүү харамч, хариг зангаасаа болж өөрсдөө хохирдгийг ойлгосон. Зөвхөн ойр дотны гэлгүй хамт ажиллаж байгаа, гэмгүй танил, өвчтэй зовлонтой хүмүүст жижиг сажиг бэлэг сюрприз барихад хичнээн сайхан байдаг гээч!

Буян энэ тэр гэх том үг хэрэггүй. Зарим хүн "амьдралын хүнд байх үед юун бэлэг" гэх байх л даа. Гэхдээ санхүүд тань ямар ч хүндрэл, нөлөө үзүүлэхгүй бага сага, таатай сюрприз байхад л болно шүү дээ. Танихгүй ч гэсэн эмнэлэгийн орон дээр шаналж байгаа өвчтөнд ганц шоколад өгчихөд таниас юу ч хорогдохгүй. Харин ч сэтгэлийн таашаал эдлэх болно. Бид сүүлийн жилүүдэд дандаа л авах, хожих, ашиг олох тухай ярихаас бус хүнд өгөх, хүнийг энэрэх, хайрлах тухай ор тас мартсан гэлтэй.

Одоо хүн бүхэн "Хэрхэн баяжих вэ?", "Яавал баян чинээлэг амьдрах вэ?", "Эдийн засгийн хэмнэлтийг яаж гаргах вэ?" гэх мэтийн элдэв ном их унших болжээ.

Магадгүй, бидний өнөөгийн бүх гай барцад, бүтэлгүйтэл, ядуурал, муу муухай бүхэн гагцхүү энэ сэтгэлгээний ядуурлаас үүдэлтэй юм биш биз? Хүн бол үнэндээ өчүүхэн амьтан, байгалийн нэг бүтээгдэхүүн шүү дээ. Бусдад тус дэм болсноор хэн ч хохироогүй, харин ч ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг болно. Энэ бүхэн аяндаа мэдрэгдэнэ. Ховорхон завшаанаар бид хүн болсон. Энэ насандаа атгаг муу санаагүй, сайхан сэтгэлээр бусдад хандбал амьдралын баяр баясгаланг аяндаа мэдрэх болно.

No comments:

Post a Comment