Sunday, November 29, 2009

Улстөрчдөд золиослогдсон хөөрхий бяцхан үрс

Улстөрчдөд золиослогдсон хөөрхий бяцхан үрс
Энхрий хайрт, бидний хонгор үрс, алдрайхан жаалууд, бяцхан үрс минь... Хүүхдүүдээ бид ийн өхөөрддөг. Өхөөрдөхөөс ч аргагүй, хөөрхөн эгдүүтэй амьтад. Гэтэл бид тэднийгээ хайр энэрэлдээ багтааж чадаж байна уу. Энэ асуултад тун ойрхноос хариулт хайя.


...Ногоон торгон тэрлэгээрээ
Хэчнээн жил гоёлоо доо... гээд хүү дуулж байна. Хажуугаар нь өнгөрсөн хүн болгон тэднийг эргэж харна. Зарим нь дэргэд нь очих ажээ. Хүү улам чангаар
...Учир битүүлэг хорвоодоо
Хэчнээн жил амьдарлаа даа... гэх нь хачирхмаар. Найм хүрсэн болов уу, хүү томчуудын, гэхдээ нэг л тийм жирийн биш үедээ хашгичдаг дуунуудыг хоолой мэдэн дуулах ажээ. Түүнээс тэр балчир амьтан торгон тэрлэг, учиртай, учиргүй хорвоогийн тухай юу мэдэх билээ дээ. Ногоон торгон тэрлэг дуулснаас илүү хэцүү санагдах зүйл нь дууч хүүгийн өвөр дээр хоёр ой хүрсэн болов уу гэмээр нялх хүү хуушуурын тасархай зулгааж байх нь даанч өрөвдмөөр өө.

Тэдний өмнөх хайрцганд тавьт, зуутын голдуу дэвсгэртүүд.

Хөөрхий хүүхдүүд ийн хэдхэн цаас цуглуулах ч хүүхдүүдэд зориулдаггүй нь тэдний дуулж байгаа дуунаас тодорхой. Томчууд хөөрхийсийн олсон хэдхэн цаасаар архи ууж согтууран хөлжүүрхсэн сөөнгө хоолойгоор

Ногоон торгон тэрлэгээрээ.... хэмээн үргэлжлүүлнэ. Хөөрхийс хажуугаар өнгөрсөн хүн бүрийн гар руу хараад л, маргааш олны өмнө гуйлга гуйх дууны үгийг тогтооно. Хамгийн сайхан дууг л аав ээж минь дуулж байгаа гэж итгэнэ. Амьдралын хүрд тэдний хувьд ингэж эргэх нь эрхэлж гүйх, чихэр амттанд умбан инээж хөөрч байх учиртай хүүхэд насыг бодоход даанч гунигтай. Тэд ирээдүйд хэн болох вэ, бүр бүрхэг.

Тээрдоор, траншейнийхэн, өвгөнтийнхөн хүүхдүүдээ ийн зарж, томоор яривал тэднээрээ бизнес хийж байхад Төрийн ордныхон, улстөрчид өөр менежментээр бидний хүүхдүүдийг улс төрийн золиос болгож байна.

Саяхан нэгэн туслах багш ой таван сартай бяцхан амьтныг унтсангүй гэж загнаж, бүр уурлаж жижигхэн толгой руу нь алгадаад авчээ. Багшийн үлдээсэн сорви арилсангүй, багшийн булхай илчлэгдэв. Гэхдээ илрээгүй хэчнээн зодуур, загнуур байгаа юм бүү мэд.

Бас нэгэн багш хоёр нас ч хүрээгүй жаалхан хүүг өмдөндөө баасных нь төлөө угаалгын өрөө рүү цамцных нь хоолойноос чирч, гулдчин татаж... ярих, бичихэд үг эвлэхгүй хатуу, сонсоход чихэндээ итгэмгүй гутамшигтай үйлдэл ардын багш гэж хүндэтгэн ур хүүхдээ даатгадаг хүмүүсээс гарах боллоо. Багш нар яагаад ийм омог бардам, дээрэнгүй болсны учгийг тайлах тун энгийн. Улстөрчдийн сонгуульд ялалт байгуулах гэсэн, УИХ-д олон суудал авах гэж гаргасан хэт хавтгайруулсан халамжийн хууль, дүрэм, журмаас эхтэй.

Гайхах хүн гарах байх. Цэцэрлэгт үнэ төлбөргүй явж, ирээдүйн иргэдийнхээ хоолны мөнгийг төр даасан нь яагаад ийм балмад явдлын эх болов гэж. Үнэгүй юм хүндгүй гэж "тасарсан" үнэн үгийг өвөг дээдэс маань бидэнд өвлөж үлдээсэн нь учиртай.

Хүүхдээ цэцэрлэгээс жаахан оройтуулж авах, өглөөд дөнгөж хоцроох, хичээлийн хэрэгсэл, саван, ариун цэврийн хэрэгсэл бэлтгэж өгөх зэрэгт ажлын цаг зав зэргээс болоод жаахан хугацаа алдахад л багш нар "Хүүхдийг чинь үнэ төлбөргүй авч байхад..." гээд л дүрсхийдэг болжээ.

Угтаа бол багш нар ажилласан өдөр, цагаараа цалингаа авч байгаа ч эцэг эхчүүдээс ямар ч мөнгө авахгүй байгаа юм чинь гэсэн санаа энэ уурласан үгнээс шууд ойлгогдоно. Та нараас төр мөнгө авахгүй байгаа учраас тоглоом авах, анги тохижуулахад хэдэн төгрөг харамлахгүй юм байгаа биз дээ" гэж тэд ээж аав нарыг доош хийж харилцдаг болов. Тэгэлгүй яахав, өгнө". Өөр үг хэлэх эрх үгүй болсоон, бид нар.

Миний хүүхэд өдөр ямар хоол идсэн бэ, том хүүгийнхээ багшаас би асуудаг байсан, одоо больсон, тийм эрх ч үгүй болсон. Багш аа, миний хүү бүлээрээд байгаа юм, энэ эмийг өдрийн хоолных нь өмнө өгчөөч гэвэл багш "Энэ олон хүүхдийн хэнд ингэж эм өгөөд явж байдаг юм..." гээд л хангинана.

Шалихгүй дээ, ээж аав нар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд сард 7-10 мянган төгрөг л өгдөг байв. Хүүхдийн хоолны тавин хувийг улс даадаг гэдэг ч үнэн чанартаа 60 гаруй хувийг нь аав, ээжүүд өгдөг байлаа, хэн ч ийм мөнгө өгч байгаадаа гомдоллож байсангүй, багш нар ч хүүхдүүдийг минь унтсангүй, өмдөндөө баалаа гэж загнаж чирдэггүй байв. Зүв зүгээр байтал минь улс заавал хүүхдүүдээ халамжиндаа авна гэсээр биднийг ийм өрөвдөлтэй байдалд оруулж, багш нараас хариуцлага тооцон, чанар шаардах эрхгүй амьгүй албат болгов.

Ингэснээрээ тэд доод ангийнхны дэмжлэгээр парламентад овоо хэдэн суудал авч... гэтэл одоо 11,12 дугаар сарын хүүхдийн хоолны мөнгө дансанд ороогүй байна хэмээн цэцэрлэг, сургуулийн багш нар сандарч эхэллээ.

Энхрий бяцхан үрс минь төрийн үнэгүй өгсөн хагас таваг хоол идээд 17 цаг болж ижий аав нь ирж авахыг тормойтол хүлээн томоотой суух болов. Ангийнх нь хаалгаар шагайж ч амжаагүй байтал л "уу, уу" гээд өмнөөс гүйнэ. Энэ үгийг багшдаа хэлж болохгүй гэдгийг жижигхэн тархи нь боловсруулж бас ухаарсан байгаа биз. Цэцэрлэгээс ам нь ангаж, сархинаг нь хатсан амьтан л гарч ирлэ. "Хүүгээ авахдаа угжинд нь жаахан цай хийгээд очоорой. Хувцсаа өмсөхөөс нь урьтаад цай уулгаарай' гэж ээж нар захиж байна.

Томчууд, дарга нар, улстөрчид ийм амьдрал мэдэхгүй. Явган алхахгүй юм чинь "Ногоон торгон тэрлэг"-ийг хэн дуулж байгааг сонсохгүй. Хүүхдүүд нь өндөр төлбөртэй сургуульд, ач зээ нар нь 100 давсан ногоон мөнгө сардаа төлдөг цэцэрлэгт явах юм чинь ам нь цангаж, өмдөндөө баалаа хэмээн багшдаа загнуулахын хэцүүг даанч мэдэхгүй. Сургуулийн хүүхдийн үдийн хоолонд хүйтэн мантуун бууз, хатсан боорцог өгч байгааг, тогооч багшийнх нь жигнэсэн боовноос өттэй үзэм гарсныг бүр ч мэдэхгүй.

Хүүхдээ үнэгүй цэцэрлэгт өг, эс бөгөөс 150 доллар төлөөд хувийн цэцэрлэгт өг. Аль алиныг чадахгүй бол "Ногоон торгон тэрлэг" гэж дуу зааж өг гэсэн шаардлагыг бодлого болоод үйл ажиллагаагаараа шахах болов.

Энхрий хайрт, бидний хонгор үрс, алдрайхан жаалууд, бяцхан хонгор үр минь... Хүүхдүудээ бид өхөөрддөг. Өхөөрдөхөөс ч аргагүй, хөөрхөн эгдүүтэй амьтад. Гэтэл бид тэднийгээ хайр энэрэлдээ багтааж чадаж байна уу.

No comments:

Post a Comment