Wednesday, December 2, 2009

Сайхан харагдахыг хүсвэл үсээ арчил


Таны үс яг л нялх хүүхэд шиг байнгын арчилгааг шаарддагыг бүү мартаарай. Нүүр царайндаа тохирсон засалттай, эрүүл, өнгөлөг үстэй явахад та хамгаас илүү сайхан харагдана. Үсээ зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм.
Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог, гэмтэлтэй гэсэн таван төрөлд хуваадаг. Үсний хамгийн дээд талын давхарга наранд гялалзаж, сайхан харагддаг бөгөөд унаж хугардаггүй. Үсээ төрөл бүрийн хэв маягт оруулахад хэлбэрээ удаан хадгалдаг бол эрүүл байна. Мөн самнахад хялбар байдаг байна.
Гэмтсэн үс: Өнгөлөг бус, үзүүр нь тэгш бус, самнахад хэцүү, үсээ орооход (бигуди, хайч) хэвэнд муу ордог. Мөн адил гэрэлд гялалздаггүй, байнга хугарч унаж байдаг.
Тослог үс: Үсний тосны уут хуйхны өнгөн хэсгийн дор байдаг байна. Түүний үүрэг нь асар их, учир нь таны үсийг хамгаалдаг. Тэр нь толгойн арьсны шүүрлийн булчирхайтай холбоотой. Түүнд гарсан өөрчлөлтүүдээс болж үс нь маш тослог эсвэл бүр хуурай болдог байна. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.Үсээ угаагаад удаагүй байтал буцаад л тостой болчихдог бол тослог үсэнд зориулсан тусгай шампунь ангижруулагчийг хэрэглэх нь зүйтэй.
Хэвийн үс: гялалздаг салаалдаггүй, угаасны дараа тийм амар хиртдэггүй.
Хуурай үс: өнгөгүй, янз бүрийн химийн нөлөөнд маш амархан гэмтдэг, арчилгаа шаардана. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Эхлээд шампуниа зөв сонго. Ямар ч сайн чанарын саван байлаа ч хэрэглэхээс татгалз. Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 30-40 градус байх ёстой. Тослог их байх тусам усаа бүлээсгэх /хүйтэвтэр/ шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, хуйхандаа иллэг хийх маягаар жигд тараах нь зөв.
Yсээ угааж байхдаа шанаагаа дагуулан гарынхаа хуруугаар тойрох хөдөлгөөн хийх маягаар массаж хийгээрэй. Массаж нь тархин дахь цусны эргэлтийг сайжруулан тархийг сэргээдэг. Толгой угаах усандаа бага зэрэг хүнсний сод хийн зөөлрүүлэх ба буцалсан усаар угаавал үс өнгөлөг болдог. Yсээ угаасны дараа нэг литр усанд нэг цайны халбага байхаар бэлтгэсэн нимбэгийн шүүс, спирт, орос цууны уусмалаар үсээ угаахад үс гялалзсан зөөлөн, торгомсог болдог. Химитэй үс хугарч, гэмтэх нь их байдаг тул угаасны дараа арчих хэрэггүй.
Yсэнд зохих хэмжээний тэжээллэг чанарыг нь нөхөн өгч байх шаардлагатай. Yүний тулд тэжээлийн тос, витаминуудыг үсэндээ түрхэж байгаарай. Гандаж шарласан үсэнд зөгийн бал түрхээд цаг хиртэй алчуураар толгойгоо боож, шингэснийх нь дараа сайтар угаахад үсний чинь өнгө сэргэж урьдынх шиг чинь сайхан болно.

No comments:

Post a Comment