Monday, November 30, 2009

Хакүхо шинэ дээд амжилт тогтоон Кюүшюү башёд түрүүллээ

Хакүхо шинэ дээд амжилт тогтоон Кюүшюү башёд түрүүллээ
Мэргэжлийн сүмо бөхийн энэ жилийн сүүлийн тэмцээн Кюүшюү башё амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний 14 дэх өдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал озэки Котомицүкитэй хүндхэн барилдаан хийж давснаар эзэн хааны цомыг 12 дахь удаагаа хүртэх болзлоо хангасан. Ингэснээр Хакүхо өөрийн хайрлан хүндэлж явдаг домогт их аварга Футабаяамагийн амжилтыг давтаж байгаа юм.
Тэмцээний сүүлийн өдөр хоёр их аварга хоорондоо тааран барилдаж, Хакухо уватэнаге мэхээр Асашёорюүг буулган авснаар ганц ч унаагүй Кюүшюү башёгийн түрүүг авлаа. Мөн тэрбээр 86 дахь даваагаа авснаар их аварга Асашёорюүгийн 2004 онд 84 давсан дээд амжилтыг хоёроор ахиулжээ.

Асашёорюү их аварга маань сүүлийн дөрвөн өдөр дараалан унаснаар 11 даваа, дөрвөн унаатай башёг дуусгалаа. Их аварга өмнө нь нэг ч удаа ийнхүү дөрөв дараалан унаж байгаагүй юм.
Кюүшюү башёгийн сүүлийн өдөр озэки Харүмафүжи Котоошюүтэй учраа таарч хикиотоши мэхээр ес дэх даваагаа авлаа. Тэрбээр сүүлийн хоёр өдөр өрсөлдөгчдөө буулган авснаар озэки цолоо хамгаалж үлдэв. Мөн энэ өдөр хүчит озэки Кайо озэки Котомицүкиг давж сүүлийн өдөр 50-иас дээш хувийн амжилт үзүүллээ. Какүрюү Ананд Япончуудын найдвар Кисеносатог хатакикоми мэхээр давж, долоон даваа, найман унаатай болсноор ирэх башёд сэкивакэ цолоо алдах ч комусүби цолон дээр үлдэх боломжтой болж байна. Маэгаширагийн хоёроос босч барилдсан Токитэнкү Хүчитбаатар энэ башёд тааруухан барилдаж, сүүлийн өдөр Гойодод унаснаар таван даваа, арван унаатай боллоо. Дээд зиндаанд зодоглосон манай 10 бөхөөс Какүрюү, Токитэнкү хоёр л тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй, ирэх башёд чансаа буурна.
Кёкүтэнхо Цэвэгням энэ өдөр Котошогикү ялагдаж найман даваа, долоон унаатай боллоо. Асасэкирюү Дашням ч мөн түүнтэй адил даваа, унаатайгаар Кюүшюү башёг өндөрлөж байна. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр нутгийн дүү Моконами Базарсадад унасан. Моконами болон Шотенро Нямсүрэн нар адилхан есөн даваа, зургаан унаатайгаар ирэх сард чансаагаа нэлээн ахиулах боломжтой болж байна. Манай залуу бөх Тамаваши Мөнх-Оргил энэ башёд одтой сайхан барилдаж 10 даваа, таван унаатай тэмцээнийг өндөрлөлөө.
Башёгийн дайчин барилдааны кантошё шагналыг 12 давсан Миябияама болон Точиношин нар хүртжээ.
Жүрёо зиндаанд мөн л сонирхолтой барилдаан болж, манай хоёр бөх Коорюү Мөнх-Оргил, Токүсэгава Ганболд, Китатайка нар нэмэлт барилдаан хийж, Китатайка түрүүллээ.
Санданмэ зиндаанд манай бөх Таканоива мөн л нэмэлт барилдаан хийж Мүсокэцүг давж түрүүлсэн байна.

No comments:

Post a Comment