Wednesday, December 2, 2009

Хувийн асуудлаа шийдэхийн тулд бусдын зөвлөгөөг заавал авах ёстой юу?

Хүндрэл бэрхшээлд дуртай юу? Мэдээж "дуртай" гэж хэлэх хүн бараг байхгүй. Гэтэл хүний амьдралд олон саад бэрхшээл тохиолддог. Энэ нь өөрийгөө нээх, хүчээ дайчлах, шинийг сэдэх зэрэг хязгааргүй боломж олгодог нэг ёсны хувь заяаны бэлэг юм. Харин та амьдралд учрах янз бүрийн тааламжгүй үзэгдэлд дайсан шигээ хандаж, зугатах, мартах гэсний хэрэггүй. Тэгвэл асуудал бүхэн танд жинхэнэ бэрхшээл болж хувирна. Тэгээд яах юм вэ?... та асууж магадгүй.
Үүнд хариулт өгье!
Аливаад хандах хандлагаа өөрчилсөн нь дээр. Асуудалд ямар өнцгөөс хандаж байгаагаас чинь их зүйл хамаарна. Шууд уурлаж бухимдах хэрэггүй. Эхлээд асуудал үүссэн шалтгааныг судал. Гэхдээ буруутанг хайх замаар биш шүү. Эерэг, сөрөг дагавар бүхнийг тооцоол. Жижиг сажиг шалтгаан бүрийг хяна. Өөрийн үүрэг, ролийг ч тодорхойл!
Бусадтай зөвлөлдөхийг хичээ. Хүмүүс өөрт тохиолдсон таагүй асуудлаа тас нуудаг. Нууж хаах юм хүнд байлгүй яахав. Гэхдээ асуудлаа шийдсэн ч юм байхгүй, дотроо л шаналаад, хадгалаад явдаг хүмүүс стресст орж, сэтгэл гутралд өртөмхий байдаг. Тэр ч бүү хэл, амиа хорлох тохиолдол ч байдаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд яах вэ. Юуны түрүүнд өөрт тохиолдсон бэрхшээлийг ойр дотнынхонтойгоо хуваалцаж сур. Тэд ч зөвлөгөө өгөх нь дамжиггүй. Ингэснээр та асуудлыг олон талаас нь харах чадвартай болно.
Олон хүнтэй зөвлөлдөх ёстой юу? Хэдий чинээ олон зөвлөмж, зөвлөгөө сонсоно төдий хэмжээнд асуудлыг шийдэх гарц танд нээгдэнэ. Тэгэхдээ бүх зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх албагүй. Хооронд нь ялгаж салгаж, хамгийн үр ашигтайг нь авах хэрэгтэй. Ганц толгойноос хоёр толгой илүү гэж оросууд ярьдаг. Ингээд та асуудлаа шийдчихлээ.
Үр дүн нь юу вэ? Санаа сэтгэл уужирч, амьдрал гэдэг илүү амттай, сонирхолтой болж байгаа биз? Хүндрэл бэрхшээл нь нэг талаар хэцүү юм шиг мөртлөө, нөгөө талаар бидний амьдралыг баяжуулж байдаг чухал зүйл юм шүү. Хүндрэл бэрхшээл таныг тэсвэр хатуужилтай, уужуу тайван ухаан бодолтой нэгэн болгон хувиргадаг гэдэгт итгээрэй.

No comments:

Post a Comment