Monday, November 30, 2009

Хайрын зохиол

Соёлоо гэж сайхан нэр шүү хэмээн нэгэн үл таних бүсгүй нүүр лүү нь эгц харан хашгирах дуунаар цочин нойрноос сэрлээ. Ямар сонин зүүд вэ, шал танихгүй хүүхэн миний нэрийг хэлж байдаг чинь, учир утгатай зүүд юм бол уу хэмээн дотроо бодоод нүдээ нухан орноосоо өндийлөө. Аль хэдийнэ өглөө болчихоод зуны наран нүүр дээр нь илч дүүрэн цацрагаараа наадаж байлаа. Соёлоо дулаахан орондоо....


хоргодсон ч үгүй тэр дороо л босоод унтлагын хувцастай чигээрээ тагтныхаа хаалгыг цэлийтэл нь нээж өглөөний цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалав. Аль багын л харанхуйгаас айдаг байсан тэр хэвээрээ, тэрээр одоо болтол ганцаараа хонохоос айдаг болохоор оройдоо тагтаа янгинатал түгжээд, айн айн унтдаг билээ. Ай даа дандаа л ингэж ганцаараа хонох дэндүү хэцүү юм даа, дасахгүй байсаар аягүй бол 30 нас хүрэх байх гэж өөрийгөө шоолонгуй бодох зуураа унтлагынхаа өрөөний том толины өмнө зогслоо
Хүүе баруун зовхины доогуур үрчлээ гарах гээд байна уу даа гэж дуу алдаад Соёлоо толинд өөрийгөө ойрд ажаагүйгээрээ нэг бүрчлэн сайтар ажиглалаа. Соёлоо одоо 24 настай, дээд боловсролтой өөрийгөө хөөрхөн гэж ам бардам хэлэхгүй ч гэсэн , муухай гэж бас л боддоггүй ээ. Мөрөө давсан шулуухан үсээ саяхан шаргал өнгөөр будсан нь тун ч зохисон, дунд зэргийн нуруу зөв хэлбэртэй нүүр, харин тэрээр үл ялиг махлаг нэгэн билээ. Махлаг болоод ч тэрүү хэлбэр сайтай том хөх нь эрчүүлийн харааг нилээн булаадагийг тэрээр өөрөө сайтар мэддэг ажээ. Хувцсаа тохируулж өмсөөд нүүрээ тааруулаад будахад бас ч гэж эрчүүдийн харааг булаахаар л хүүхэн гэж өөрийгөө дүгнэдэг нэгэн билээ. Дунд сургууль, бас их сургууль даа найз нөхөд олонтой адтай л охин байсан сан, даанч хайрын тэнгэр түүнд нэг л таагүй хандаад байдаг юм шиг санагдана.

Гэнэт гар утас нь хангинан мэссэж ирэхэд дав хийтэл цочин бодлоо тасалж за байз энэ хар өглөөгүүр хэн нь мэссэж бичдэг байнаа, юу болсон юм бол гэсэн шүү юм бодсоор утсаа шүүрэн авч нээн уншвал Hi sain uu, unuudur yu hiih gej baina daa. Manai ajil deer irj hoollohgui mu, soninoos nuguu zaluu chin unuudruus ajildaa orj baigaa yum bna. Chi irj hairtaa harahgui muu : ), za yariarai Ok. гэсэн зурвас дотных нь найз Туяакагаас нь ирсэн байлаа. Зүрх нь нөгөө залуу гэсэн хоёрхон үгийг уншаад л хүчтэй гэгч нь цохилж, нөгөө залуу, нөгөө залуу гэж бодонгуут аяндаа сэтгэл нь хөдлөн амьсгаа нь давхцаад эхэллээ. Тэр залуугийн дүр төрх анх харсан тэр мөчөөс эхлэн Соёлоогийн сэтгэлд хадагдсан билээ, гэхдээ зүгээр ч нэг хадагдаагүй ээ. Бүүр зүрхнийх нь мухарт орчихоод гарахаа байж сэтгэлийн гүнд оч асаан гэрэлтүүлж байдаг болсон сон. Соёлоо цаг харвал 10 өнгөрч байсан тул тэр дороо л ороо хурааж орхиод өдрийн уулзалтанд эртлэн бэлтгэхээр хувцасныхаа шүүгээг онгичиж эхлэв.
Ердөө л долоохон хоногийн өмнө их сургуулийн сайн найз Туяагийн ажил дээр нь очиж гэрийхээ компьютерийг засуулахдаа анх түүнийгээ олж харсан сан. Засварын хэлтэст ажилладаг жирийн л залуу анх компьютерийг нь хүлээн авч ямар гэмтэл илрээд байна хэмээн даруухан асуугаад түүнрүү харахад нүдний харцаар нь дамжаад бүх биед нь цахилгаан гүйдэл сулхан цохих мэт жирс хийгээд асуултад нь хариу хэлэх нь байтугай ам нь нээгдэхгүй гацаж орхисон билээ. Азаар хамт байсан Туяа түүнийг гайхан хараад асахгүй байгаа гэнээ яасан ийснийг нь мэдэхгүй нь, Төөгөө минь чи л нэг учрыг нь олж үз гэж хэлчихээд, Соёлоог хүлээлгийн сандалд түлхэх шахам суулгаад одоохон гэж амандаа үглэсээр өрөөнөөс гарч шатаар дээшээ гарч өөрийнхөө офис руугаа явж одов. Соёлоо өнөөх залууг юу хэлэхийг хүлээн сандал дээр суунгаа компьютерийг нь онгойлгон үзэх залуугаас нүд салгаж чадахгүй байв. Тэгтэл ч удсангүй нөгөө залуу 10 орчим минут болов уу үгүй юу компьютерийг нь тэврэн хажуугийн ширээнд нь авчирч тавиад жаахан тохиргоо нь алдагдсан байна тэрийг нь тохируулчихлаа, хамаагүй фолдеруудыг дур мэдэн устгаж болдоггүй байхгүй юу гээд алив нааш ир дээ хэмээн өөрийнхөө компьютерийн дэргэж зогсоогоод ойр зуурын жаахан ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг сэтгэлд хүрсэн дөлгөөхөн намдуу хоолойгоор хэлж өглөө. Тийм үү , аан тийм байна хэмээн бувтнаж байтал Туяа хаалгаар ороод ирлээ. Туяаг хараад л Соёлоо овоо сэхээ орж баярлалаа гэж хэлээд өөдөөс нь инээмсэглэж амжив.

Аль багын л хэлтэй амтай байсан Туяа за дуусан уу, овоо хурдан засчихсан байх шив, за алив явья явья хэмээгээд Соёлоо рүү нэг л сонин харц шидээд нүдээ доогтой ирмэлээ. Ингээд л тэр 2 тэндээс гарч өдрийн хоол идэхээр хамтдаа гарлаа. Замдаа Туяа хүүе ээ энэ Төөгөө чамд ёстой сүйд болж байх шивдээ, аягүй томоотой залуу байхгүй юу, тэгээд ч бүүр чамайг хажуудаа зогсоогоод юм хум ярьж байна ш дээ, та 2 юу ярив хэмээн шалгааж эхлэв. Соёлоо харин тэр залуугийн тухай бүгдийг бүүр бүх зүйлийг нь мэдмээр санагдаад Туяагаас асуумаар бүр хашгирч асуумаар санагдаж байсан боловч ёстой л хэлээ хазан өнгөрч юу ч яриагүй ээ, ойр зуурын хэрэглээ зааж байна, би бараг л өөрийнхөө буруугаас болоод эвдэх шахаж хэмээн хэлээд огт өөр юм асуун дүйвүүлжээ.
Тэгээд гэртээ харин ганцаар үлдсэн хойноо зөөлөн сандал дээр тухлан суугаад тухтайхан түүнийгээ дахин дахин бодлоо. Өндөрдүү нуруу, бас өөлсөн хүн бас жаахан махлагдуу биетэй, давхраатай нүд, бор царай түүний нүдэнд тодхон бууна, бас тэр биеэ авч яваа байдал нь цаанаа л нэг жинхэнэ эр хүн шиг санагдаад л байсан. Отверк барьж байсан гар нь ч эр хүний гар, нэр нь Төөгөө гэсэн , яг хэн юм бол Туяа одоо бүтэн нэрээр нь дуудахад яадаг байнаа хэмээн гэмгүй түүнд дотроо уцаарлав. Соёлоо түүний тухай зүгээр л бодоод дүр төрхийг нь дахин дахин санаад суусаар л байлаа. Түүнд саад болох хүн байхгүй ээ.

Тэрээр сургуулиа төгсөөд 2 сар гаруй болсоны дараа амарч гүйцлээ одоо гадаадад сурж бие даан амьдарна гэж гэртээ шийдвэр гаргасан ажээ. Ингээд л аав нь дэмжиж ээж нь чимээгүй сууснаар Соёлоо ялагч болоод холын Япон оронд хэлний курст явах бас ч үгүй жаахан ажил хийхээр явах болсон билээ. Газар дээрх ганц эгчийнх нь нөхрийн дүү тэнд сураад 2 жил болж байгаа. Эхлээд тэрэнтэй хамт 3 сар болоод дараа нь өөрөө хөлөө олоод амьдарна хэмээн аав ээждээ ухуулаад 2 сарын дараа виз гарсаны баярыг найз охидтойгоо нижгэр гэгч нь тэмдэглээд арлын Японыг зорин ниссэн нь тэр. Харин эх орондоо хайртай хаашаа ч явахгүй гэдэг байсан Соёлоог яагаад алс газар одох болсон шалтгааныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй ээ. Зүрхний гүн дэх хайрын их шархаа эдгээх л гэж, зөвхөн энэ л шалтгаанаар Соёлоо холын орныг зорин нисэхдээ цаг хугацаа, бас энэ орон зай түүний шархыг эдгэхгүй юмаа гэхэд сэтгэлийн гүн дэх шаналалыг нь багасгах байх гэж найдаад л эх орон хайр сэтгэлээ орхин нисч одсон билээ.

Буянт Ухаагийн буудалд гэр бүлийнхэнтэйгээ юмаа мартан буцсаар жаахан хожимдонгуй ирсэн тэр 10 сарын бүүдгэр өдрийг хүлээж, бас айн зүрхшээж угтаж билээ. Нисэх буудлын хаалгаар ортол хамгийн түрүүнд найз охид нь бяцхан бэлэгтэй уут барьчихсан хүлээж байлаа. Бас ангийнх нь нийлдэг найзууд ч ирчихсэн шаагилдан зогсоцгооно. Харин Соёлоо дотроо Ханболдыг ирчихсэн байгаасай хэмээн нэг бүрчлэн бүртгэж харсан боловч алга байлаа. Гэрээсээ гарахдаа явлаа хэмээн догдолж байсан сэтгэгдэл тэр дороо л унтарлаа. Ээжийнх нь үнсэлт ч сэтгэлийг нь айхтар хөдөлгөсөнгүй, ердөө л зуслан яваад ирэх юм шиг л сэтгэгдэл төрж бушуу эндээс явмаар санагдлаа. Ханболд түүнийг өнөөдөр явна гэж мэдэж байсаан, тэгээд түүнийг баяртай гээд хүрээд ирнэ гэж Соёлоо яагаад ч юм итгээд байсан билээ. Нэг л зөн совин Ханболд заавал ирнээ, тэгээд түүнийгээ сайн хараад ав гээд л түүнд шивнээд байсан сан. Урд шөнөжин зөвхөн Ханболдыг ирээсэй л гэж бурханаас гуйж жаахан ч гэсэн цурам хийлгүй хоносон, бас зөвхөн түүний л зургуудыг аяныхаа цүнхэнд эвтэйхэн хийгээд явж байгаа билээ. Арай ч дээ, Ханболд яагаад түүнд ийм хатуу хандана вэ? Тэр түүний анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт гээд л хамгийн нандин сайхан дурсамжуудын эзэн билээ. Бас анхны эр хүн нь байсан шүү дээ, хайртай . . . чи ганцхан минийх гэж тэр шөнө чинь зүрхнээсээ шивнэж байсан тэр Ханболд ирсэнгүй ээ. Хайр сэтгэлийнх нь цорын ганц эзэн болсон Ханболд нисэх буудалд ирж гаргаж өгөх нь битий хэл хүний урманд утсаар сайн яваарай ч гэж хэлсэнгүй танихгүй хүн адил огт тоомсоргүй, чив чимээгүй үлдлээ.

No comments:

Post a Comment