Monday, November 30, 2009

Гоёл чимэглэл

Бриллиант буюу очир эрдэнийг бүсгүйчүүдийн хамгийн ойрын “найз” нь гэдэг. Мерилин Монрог энэ үгтэй холбон бодоход очир эрдэнэ зүүсэн, зүүгээгүй ялгаагүй л зүйрлэшгүй гоо үзэсгэлэнтэй харагддаг.

Өөрийн стилийг тодорхойлж, давтагдашгүй дүр төрхийг бүтээхийг хүсч буй бол заавал очир эрдэнэ бус хиймэл чулуун шигтгээ бүхий гоёл зүүлт чимэг байхад л хангалттай.
Гоёл чимэглэлийн ертөнцийн хамгийн сүүлийн хандлага нь өнгөрсөн жилтэй харьцуулбал тийм ч жир бус: Том, хурц тод өнгийн зүүлт чимэг ид моод байх нь. Моодны шинэ урсгал нь яг л гар хийцийн юм шиг хэлхсэн оосор гинж бүхий том том чулуун шигтгээтэй. Энэ бүхнийг бас цүнх, бүс, үсний зүүлт зэрэг аксессуарт нэмэлт чимэг болгон хэрэглэнэ.

Хүзүүний зүүлт нь том бас жижиг, янз бүрийн хэлхээстэй, өөр өөр үетэй байж болно. Толгойн чимэг боолт адил туузаар холбон уясан чулуун зүүлт илүү моодны харагдуулах юм. Хар өнгийн гялалзсан металл бүхий том жижиг гинж бүхий зүүлт ч бас стильтэй харагдана. Эсвэл бүр хуучирсэн зэсэн зүүлтэнд том жижиг цагиргуудыг хэлхсэн ч болно. 
Мэдээж, ийм олон төрлийн загвараас өөрт зохисныг нь л сонгох хэрэгтэй. Жижиг биетэй бүсгүйд хэт том шигтгээ бүхий чимэг зүүлт нь хүнддэж харагдах талтай. Хөнгөн, хийц сайтай унжлага зүүлт нь нууцлаг байдлыг үүсгэдэг бөгөөд нууцыг тайлахад түлхүүр хэрэгтэй.

Харин түлхүүр эсвэл цоожны хэлбэртэй унжлага зүүлт, бугуйвч нь энэ улиралд нэг бус дизайнерын загварын үзүүлбэрт давтагдсан удаатай.

Том сондор бүхий хүзүүний чимэг нь энэ жил ид моод болно. Ийм сондор нь талст бүхий шил, хиймэл чулуу, гялалзсан пластик аль ч байж болно. Урт оосор эсвэл гинжинд тунгалаг сувс, сондорыг сэтгэмжлэн цэгцгүй хэлхэж, монцог сампин гарган хэлхэсэн байх нь.
Загварын шоуны үеэр загвар өмсөгчид заримдаа дэндүүлсэн хэт хурц, том, уян бус, хатуу зүүлт чимэглэлээр гангардгийг жирийн өдөр тутмын хэрэглээнд тохируулж болно. Том металл хавтгай унжлага бүхий зүүлтийг жемпер дээр харин гадуур цамцны цаанаас зүүлт гялсхийх нь илүү нууцлаг төрхтэй болгодог.

Том талст бүхий чулуун шигтгээтэй ээмэг, зүүлт, бугуйвч болон бэлзгийг оройн зоог, цэнгүүнд зүүхэд илүү тохиромжтой.

Харин офисст илүү нарийн хийцтэй, даруу загварыг сонго. Тухайлбал, шилэн сувстай эсвэл жижиг алтан гинж, оосор бүхий сондор. Мөн сувд моодноос гараагүй гэдгийг сануулъя.

Этник буюу угсаатны загвартай гоёл чимэглэлийг ажил хэргийн хувцас болон болзооны үеэр зүүхэд зохимжгүй. Жемпер, V хоолойтой цамцан дээр чулуун шигтгээ бүхий зүүлт гайхалтай зохицдог.

Энэ жил та металл сийлсэн эсвэл цулгуй мөн металл жижиг чимэглэл бүхий бугуйвчийг сонгон зүүгээрэй. Түүнийг нэг гарын бугуйндаа хэд хэдээр нь зүүж ч болох бөгөөд үдэшлэг цэнгүүнд зүүхэд гайхалтай харагдана. Харин ажил хэргийн хувцсан дээр бол зохимжгүй.
Ээмэг нь бөгжтэй заавал хослох ёстой. Өнөөдөр «цыган» цагиргаас хавтгай дугуй хүртэл дугуй хэлбэрийн ээмэг ид моод буй. Хамгийн стильтэй харагдуулах нь том биш алтан, мөнгөн эмжээр бүхий чулуун шигтгээтэй том ээмэг, илүү хурц хувилбар нь тойруулан шигтгээ суулгасан ээмэг гэнэ.
 

No comments:

Post a Comment