Sunday, November 29, 2009

Стресс таниас салахгүй байна уу

Стресс тайлах сонгодог аргууд
Амьсгалаа гаргах үедээ бүх биеэ нэг бүрчлэн сулруулж, бие тань амарч, тайвширч байгааг мэдрээрэй.

Ингээд гурван секундын дараа биеэ бүрэн сулласан байдлаас дахин хамраараа аажим гүн амьсгал авч түгжээд, түрүүчийнхээсээ улам илүү хүчилтөрөгч биед тань шингэн орж, цусаар гүйж, тэжээж тэтгэж байгааг та мэдрэх болно.


Гурван секунд амьсгалаа түгжиж, өөрийн биеийг мэдрэх эрэл хайгуул хийсний дараа амьсгалаа аажмаар удаан, амаараа үлээж гаргаад, ингэхдээ биеэ бүрэн сулруулаарай. Үүний дараа бие тань нэг л тайван болж таатай мэдрэмж төрөх болно. Энэ дасгалыг нэг хийхдээ 2-3 удаа хийгээд 5 минут завсарлана. Завсарласны дараа дахин 2-3 давтаж хийгээд болно. Энэ нь стресс тайлах нэг бүтэн дасгал болно.

Дасгалыг эхэн үедээ 3-аас олон давтан хийхэд тархи хүчилтөрөгчөөр хэт ханаснаас болж толгой эргэж эхэлдэг тул толгойгоо эргэтэл хийх хэрэггүй гэдгийг сануулъя.

Дасгалыг өдөр бүр, ямар ч нөхцөлд, ямар ч байрлалд хийж болно. Та гадаа явж байхдаа ч, сууж, эсвэл хэвтэж байхдаа ч хийж болно. Нойр тань хүрэхгүй бол орондоо орж хэвтэж байгаад, элдэв илүү юм бодолгүйгээр дасгалаа хийгээрэй. Нэг л мэдэхэд гүн нойрондоо дарагдсан байх болно.

Харин машин унаа жолоодож явахдаа болохгүй шүү!!!
Энэ дасгалыг өдөр бүр, өдөрт хэдэн ч удаа хийж болно. Дасгалаа хийх тусам та улам гүн амьсгал авч, гаргаж чаддаг болох ба амьсгал авах, гаргах хооронд амьсгалаа бүр удаан түгжиж чаддаг болно. Энэ нь биеийг маш түргэн хугацаанд амраадаг.

Дасгалаа байнга хийх тусам агаар ямар сайхан амттай болохыг хүртэл, агаар ямар олон янзын амттай, үнэртэй болохыг хүртэл ялгаж мэддэг болно. Тэр цагт та хаана дасгалаа хийж, стрессээс өөрийгөө урьдчилан сэргийлэх хангалттай нөөц энерги, хүчилтөрөгч хуримтлуулж авахаа мэдэрдэг болно. Стресс танаас үүрд холдон одох болно.

Өөрийгөө ятгах араа
Хөнгөн хэлбэрийн стресс буюу сэтгэл түгших, санаа зовох, уур уцаар хүрэх, хар төрөх, бухимдах, мартамхай болох гэх мэтээс хялбархан ангижирч, өөрийн сэтгэц мэдрэлийг стресст гүн оруулахгүйгээр урьдчилан сэргийлж болдог. Ийм үед хүн өөрийгөө хянах чадвараа алдаагүй байдаг учир өөрийгөө ятгаж, бухимдаж уймрахаа зогсоож болдог.

Жишээлбэл: Би тайван байна. Би өөрийгөө хянаж байна. Асуудалд муйхраар хандаж болохгүй. Шийдвэр гаргах гэж, дүгнэлт өгөх гэж яарч болохгүй. Аливаа асуудал учир шалтгаантай, олон талтай байдаг. Би бага зэрэг хүлээзнэж байгаад учрыг нь сайтар нягталсны дараа дүгнэлт өгч шийдвэрээ гаргая гэх мэтээр ургуулан бодож, тайвшрахын зэрэгцээ, үнэхээр ухаалаг шийдвэрт хүрч, өөрөөрөө бахархах боломж олдоно гэдэгт итгээрэй. Аливаа ярвигтай асуудал тулгарахад яарч тэвдэж бухимдахын оронд яах ёстойг эхлээд сайтар бод. Хэн нэгэнд бурууг тохож эхэлбэл та стрессийн байдалтай байна гэсэн үг. Өөрийгөө стресст оруулах гэж яарах хэрэггүй. Тэгвэл таны эрүүл саруулаар сэтгэх чадвар алдагдаж эхэлнэ, алхам тутамдаа бухимдах хэрэг гарна гэдгийг тунгаан ойлгоорой.

Урьдчилан сайтар тооцоолж байгаад, цаг хугацаа, ажлын дараалал зэргээ төлөвлөж байгаад, түүнд шаардагдах зардлыг бас тооцож үзээд, дараа нь аливаа ажлыг хөөцөлдөхөд хялбархан бүтдэг шүү дээ. Түүнээс биш нэг ажил амжуулна гэж бодмогц л шууд үр дүн нь тодорхой харагдаж, шууд тэр үр дүнд хүрэх гэж яарч бухимдалд орох явдал элбэг байдаг.

Дахин жишээ татаж үзье. Банкнаас зээл авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Та шууд банк руу гүйж очоод зээл бүтэхгүй гэдгийг мэдэж байгаа. Таны зээлээр хийж бүтээх ажил үйлчилгээ тань хир найдвартай, ашигтай вэ гэдгийг эхлээд тооцоолно. Өрсөлдөгч хаана хаана байна. Та хаанаас түүхий эд материал, бараа бүтээгдэхүүнээ татаж, хаана ажил үйлчилгээгээ явуулж, ямар үнэ ханшаар зарж борлуулж, хэдий хирийн орлого зарлага гаргах вэ гэдгээ тооцоолсон уу?.

No comments:

Post a Comment