Monday, November 30, 2009

Дайснаасаа өшөөгөө авмаар байна уу

Хүүхнүүд эр нөхөртөө хууртагдаж, итгэл хайраа харамгүй өгсөн найз нар ч урвах үе гардаг. Ийм үед дотор бачимдаж, тэднээс хариугаа авах, тэднийг чадах хүсэл туйлын ихээр төрдөг. Өшөөгөө л авч байвал яасан ч яахав гэж бодогдох мөч бишгүй л тохиолддог.


Гэхдээ аливаа юм хэмжээ хязгаартай байдаг, таны үйлдлийг нэг талаас хууль, нөгөө талаас нэр төр чинь зохицуулж байх хэрэгтэй гэдгийг эн тэргүүнд бодолцох хэрэгтэй. Хууль бол хамгийн чухал зүйл. Таны өшөө авалт эрүүгийн хуулийг зөрчиж яасан ч болохгүй. Ер нь хүчирхийллийн шинжтэй аливаа болчимгүй ажлаас зайлсхийж байх нь хожим танд өлзийтэй. "Дайсан"-ынхаа шинэ эхнэр, нууц амраг, түүний эцэг эх, үр хүүхэд, хамаатан саданд заналхийлж, тэдний хөдлөх, үл хөдлөх хөрөнгөнд халдаж болохгүй. Хэрэв ингэвэл эцсийн эцэст та хохирогч биш хэрэгтэн болно шүү.

Та өөрийгөө хүндэлж, өөрийнхөө нэр төрийг бас бодолцох ёстой. Та нөхрөө үл таних, бас үл бүтэх бүсгүйтэй зоогийн газарт сүрхий дотно сууж байхыг харвал орь дуу тавин харайлган очиж, олны нүдэн дээр нус нулимастайгаа хутгалдан, хэрүүл маргаан дэгдээж, зоогийн газарт дугуй ширээний ярилцлага хийх гэсний хэрэггүй юм. Иймээс та хууль ч зөрчилгүй, өөрийгөө ч эвгүй байдалд оруулахгүйгээр хариугаа бах таваа хангатал авах арга зааж өгье. Таныг ямар хүн гомдоосноос шалтгаалж доорх аргуудаас аль тохирохыг нь сонгож аваарай.

Хамаатан садан
Тэд таныг цайллаганд урьсан тохиолдолд найранд сууж байхдаа нэг хоолноос нь амссаны дараа дотор эвгүй болсон мэт ярвайж, гэхдээ бас үүнийгээ нуух гэж байгаа хүн шиг дүр эсгэх хэрэгтэй. Ялангуяа олны анхаарлыг өөр дээрээ татах нь чухал ярвайснаасаа хойш хэдэн хором үхсэн амьд нь мэдэгдэхгүй сууж байснаа гэнэт бараг гүйх шахам гарч, нүүр амаа угаасаар орж ирээрэй. Тэр мөчөөс хойш юу ч амсахгүй, юунд ч хүрэхгүй байж байгаад яг явахынхаа өмнө гэрийн эзэгтэйгээс таныг дайлсан "аюултай" хоолны жорыг асуухаа мартуузай

Найз нөхөд
Эмэгтэй найзтайгаа хаа ч хамаагүй тааралдвал /өөр залуутай цуг явж байвал бүр ч сайн/ Их гайхсан хүн болж: Сайн байна уу? Чи өнөөдөр ямар аятайхан харагдаж байна вэ? Яасан нөгөө үрчлээгээ татуулчихсан юм уу? Силикон шахуулчихсан юмуу даа. Гээд унтраачхаарай.

Ажлын чинь дарга
Ажлынхаа даргатай хэт их тэрсэлдээд хэрэггүй. Гэхдээ л мөчөөгөө өгөхгүй шүү. Үзээд алд. Даргын чинь өрөөнд амьд цэцэг байдаг бол шороонд нь хэдэн ширхэг ёотон сэм бул. Хэсэг хугацааны дараа даргын өрөөний цонхны тавцан, ширээ, ойр хавийн бүх тавилга шоргоолжоор дүүрэх болно. Дарга чинь гадаадын төлөөлөгчтэй уулзаж байхад ширээн дээгүүр нь шоргоолжнууд уралдаж байна гээд бод доо.

Хэрэв та техникт муугүй бол даргынхаа утсыг онгойлгоод дуу тодотгогч микрофоныг нь сугалаад хаячих. Дарга чинь хэнтэй ч ярьсан цаад хүн нь юу ч сонсохгүй. Ингэвэл танай босс ажлаасаа хусуулчихсан юм шиг ёстой нэг байж суух газаргүй болно доо.

Өрсөлдөгч хүүхэн
Өрсөлдөгч хүүхэнгүй эмэгтэй гэж байдаггүй. Тиймээс та тааралдсан мөнгөн тэмдэгт болгон дээр "би маш их ганцаардаж байна" гэж бичээд хажууд нь өрсөлдөгч эмэгтэйнхээ нэрийг утасны дугаартай нь бичнэ үү. Мөн түүний нэрийн өмнөөс сонин сэтгүүлд зар нийтэлж, танилцах хүсэлтэй байна гэж бичиж ч болно.

Хуучин нөхөр
Нөхөр чинь хамаг хувцсаа цүнхлээд явах гэж байхад нь түүний бүх товчийг сэм огтолж хаяарай. Түүний шинэ амрагт багагүй л хэрэг тарина. Хэрэв та явах болсон бол гэрийнхээ өнцөг булан, орон доогуур түүхий загас нуугаарай. Таныг хөөчхөөд нууц амрагаа авчраад амар сайхандаа жаргахыг горьдож буй нөхрийн чинь овоохой хэдхэн хоногийн дараа хүн тогтохын аргагүй өмхий үнэрээр дүүрч, нууц амраг нь хүртэл ийм заваан амьтныг орхиод ум хумгүй зугтах болно. Бас элсэн чихрийнхээ саванд давс, давсныхаа саванд элсэн чихэр, гурилныхаа саванд будаа, будааныхаа саванд гурил хийчихвэл мөн гоё доо.

Хуучин нөхөр чинь төрсөн өдөртөө уривал...
Тэгвэл очих хэрэгтэй. Үриагүй ч байсан оч. Тэгэхдээ нөхөртөө тохируулж аятайхан бэлэг аваарай. Тухайлбал шивэр арилгагч уут дүүрэн аваад, нүүр дүүрэн мишээгээд "Хайрт минь би чамд аль дээр үеэс хойш авч өгье гэж бодсоор өдийг хүрчихлээ. Орой унтахынхаа өмнө залхууралгүй түрхчихэж байгаарай" гээрэй. Ялангуяа нөхөр чинь төрсөн өдрөөрөө камераар бичлэг хийлгэж байвал тун догь.

Та хууль зөрчөөгүй. Бас нэр хүндээ унагаагаагүй. Жинхэнэ өшөө авалт гэдэг чинь энэ дээ. Эцэст нь таны ухааныг биширсэн нөхөр чинь буцаад нийлье гэж уйлж дуулаад ирвэл /энэ нь тодорхой нууц/ та түүнийг гарынхаа шуун дээр би ...д хайртай, эсвэл тэр хоёр үүрд хамт гэж шивүүлсний дараа л зөвшөөрөөрэй. Зөвшөөрөхгүй бол бүр ч сайн.

No comments:

Post a Comment