Monday, November 30, 2009

Тэнцвэргүй гэр бүл гэдэг тэнцвэргүй хувь тавилaн мөн үү?


Насны хувьд ихээхэн зөрөөтэй гэр бүлийг тэнцвэргүй гэр бүл гэдэг. Монголчуудын хувьд гэр бүл болох эр эм хоёрын насны зөрөөний дээд хязгаарыг маш тодорхой зааж өгсөн байдаг.


Нүүдэлчин угсаатнууд хэдийгээр дөрвөн цагийн эргэлтэд амьдралын эрхээр малын ая харан нүүж сууж явдаг маш их ажилтай ч гэр бүлийн бат бэх байдалд ихээхэн санаа тавьж ирсэн байдаг. Гэр бүлийн бат бэх байдал, ханиа зөв сонгох зэрэг нь нүүдэлчдийн хувьд нөхөн үржихүй, ирээдүй хойчис, удам угсаандаа ихээхэн санаа тавьж ирсний нэг илрэл юм.

Нүүдэлчин монголчууд гэрлэж буй эр эм хоёрын насны зөрөөний дээд хязгаарыг 12 хүртэл гэж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл ханилан сууж буй эр эм хоёрын насны зөрөө үүнээс их байх юм бол тэнцвэргүй гэр бүл үүснэ гэсэн үг. Тэнцвэргүй гэр бүлийн амьдрал мөн л тэнцвэргүй байх нь мэдээж. Монголчууд хэдийгээр эр нь эмээсээ 12 насаар ах байж болно хэмээн хүлээн зөвшөөрсөөр ирсэн ч амьдрал дээр насны зөрөөг дунджаар 4-8 хүртэл байвал хамгийн тохиромжтой гэж үздэг байжээ. Энэ нь шинээр гэрлэж буй хосуудын эр нь эмээсээ 12 хүртэл насаар ах байхад гэр бүлийн тэнцвэртэй байдал алдагдахгүй боловч 4-8 насаар ах бол бүр ч сайн хэмээн үзэж байсан хэрэг.

Гэтэл өнөө үед өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ уламжлал үгүй болж хижээл насны эрчүүл өөрөөсөө 12-15 насаар залуу эхнэр авч байгаа нь нэгэнт тодорхой болоод байна.

Тэр ч бүү хэл өнөөгийн бүсгүйчүүл хөнгөн хялбар аргаар хангалуун амьдрахын тулд өөрөөсөө хориос гуч хүртэлх насаар хөгшин гадаадын иргэдтэй ханилан сууж байна. Энэ бол ухамсар дорой байгаагийн нэг жишээ юм. Энэ дашрамд охид бүсгүйчүүлдээ захиж хэлэхэд аз жаргал гэдэг хэзээ ч хямд өртгөөр олдоггүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

Насны зөрөөтэй гэр бүлийг яагаад тэнцвэргүй гэдэг вэ. Үүний тайлбар тун амархан. Цаг хугацаа урсан өнгөрөх тусам залуухан бүсгүй болон хижээл насны нөхөр хоёрын харилцаанд юуны өмнө ор хөнжлийн ажилтай холбоотой асуудал үүсдэг.

Учир нь ханилан сууснаас хойш хэсэг хугацааны дараа залуу бүсгүйд сэтгэл санааны тавгүй байдал үүсч улмаар хөгшин нөхөртэйгээ унтах нь эцэгтэйгээ унтаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг болно.

Ингэсээр эрт орой хэзээ нэгэн цагт энэ мэдрэмж сексийн таашаал өгөхөө болино. Энэ байдал улам даамжирвал залуу эхнэр нь ор хөнжлийн ажлаа огт сонирхохоо болино.

Тэр цаг хугацаа өнгөрөх тусам хань ижлээ халамжлахын оронд зааж сургаж эхэлнэ. Эр хүн залуу эхнэр нь захираад байвал өөрийгөө голох, дорд үзэх зэргээс болж өөр шинэ залуу амрагийн эрэлд гарах нь ч буй.

Аажмаар эхнэр нь гэр бүлийн далд тэргүүн болж хувирна. Энэ нь мэдээж хөгшин нөхөрт таалагдахгүй. Ингээд л залуухан хүүхэн жинхэнэ эр хүний шинж чанар агуулсан шинэ эрийг хайж эхэлнэ. Тэрхүү шинэ залуу өөрөөс нь бага зэрэг ах юмуу эсвэл бүр залуу ч байж магадгүй. Энэ бүхнээс үзэхэд насны ялгаатай гэр бүл зохиох хэрэггүй нь харагдаж байна. Тэнцвэргүй, насны зөрөөтэй гэр бүлийн зөрчил тэмцэл чухам юунаас үүсдэг вэ?... гэсэн асуултад эрдэмтэд,

-Аливаа гэр бүлийн бат бэх байдал нь насны ялгаанаас бус, харин хосуудын хэл амаа ололцох байдал, нэгдмэл санаа бодол, тэдний харилцан ойлголцол зэргээс хамаардаг байна гэжээ.

Зарим тохиолдолд насны зөрөөтэй гэр бүл нь жинхэнэ хайр сэтгэлээс үүдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй.

Залуухан бүсгүй ахимаг насны эр хоёр учирч, бие биеэ хайрлаж бас итгэл найдвар бэлэглэж, хайраа өгснөөр сайхан гэр бүл болсон жишээ бас зөндөө байдаг.

No comments:

Post a Comment