Saturday, December 5, 2009

85-н жилийн өмнө зарлагдсан тунхаглал мину

Эх орон тусгаар тогтнол минь хямдхан үнээр бид нарт олдож, зам бүхэн маань дардан байгаагүйг хойч үе маань үүрд санаж явах учиртай. Ямар хүнд хэцүү замаар, олон хавчлага дарамт дор, маш хэцүү эрин үед тусгаар улс болсноо тунхаглан зарласан баатарлаг эрс, хүчит хөвгүүдээрээ бахархууштай. Магадгүй Монгол хүн, Монгол гень биш байсан бол энэ хоёр том гүрний дунд хавчуулагдан өдийг хүрээ ч үү үгүй ч үү? Бид нар хүчирхэг эдийн засагт өмнөд хөрш, сүр жавхлант “орос ахын” чимхэлт, хавчлага дор бөхийгөөгүй өдийг хүрлээ. Дахиад олон жил оршин тогтнож, омог бардам үр хүүхэд минь эх нутагтаа амьдран сууна гэдэгт би итгэлтэй байна.


Эзэн Чингисээс улбаатай энэ түүх минь өдийг хүртэл үл ганхаж харьд буй Монголчуудынхаа бахархах амин судасны лугшилт болж байгаа. АНУ-ын “Форбес” сэтгүүлээс гаргасан мянганы хүнээр Эзэн Богд Чингис хаан минь тодорч, хамгийн баян улс гүрэн, хамгийн том газар нутаг, хамгийн агуу хаан эзнээр тодрон “хамгийн” гэсэн тодотголтой бүхнийг хуу хамсанд Монгол хүн би бээр омогшин бахархлаа.



Монгол улс газар нутгийнхаа талбайн хэмжээгээр дэлхийд 17 дахь байр эзлэх бөгөөд 1566.5 мянган хавтгай дөрвөлжин километр буюу Франц, Испани, Португал, Их Британи ба Ирланд зэрэг улсуудын дэвсгэр нутгийг нэгтгэсэн талбайгаас илүү нутагтай. Монгол орон маань уудам учраас түүний хилийн урт (8200 гаруй км). Хэрэв бид энэхүү хилийн шугамын дагуу өдөр тутам 20 км алхаж тойрон аялал хийнэ гэвэл бүтэн нэг жил, нэг сар, арав хоног хэрэгтэй болно гээд бод доо. Айл гэрийн голомт тулсан тулганых нь голд байдаг.

Тэгвэл улс орны маань газар зүйн төв голомт буюу төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Сант уулын зүүн урд булгийн эхэнд (х.ө. 46°52', з.у. 103°50'-ын солбицолд) Монгол орны нутгийн газар зүйн төв цэг оршдог. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө суварга бүхий цогцолбор бий. Монгол орны элст нутгийн талбай 29.9 мянган ам. км буюу ойролцоогоор Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцдэг гээд бидэнд бахархах зүйл олон бий.



Газрын хэвлий дахь баялаг маань бидний ирээдүйд найдан түшиж хөл дээрээ бат зогсох түшиц маань. Гэвч харь улсын хар сарвуугаа сунгах шунал бас болж байна. Энэ их өв баялгаа зөв ашиглан зарцуулж чадах аваас хөгжлийн манлайд хурдан хүрэх зам маань бидэнд нээгдэнэ. Одоогийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс газрын тос, нүүрс, алт, мөнгө, зэс молибдень, уран, байгалийн хий, олон төрлийн үнэт чулуун дотроос болор, индраанил, бадмаараг, аметист буюу ягаалин, мана, хаш, молор, текникийн алмааз хүртэл олдсоныг дуулгахад таатай байна. Энэ бүхнийгээ түшиглэн эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус байх боломж бидэнд бий. Африк шиг хоосрох, Арабын Эмират шиг баян болох эсэх нь одоо ганцхан биднээс шалтгаалах болно. Тэртээ 85 жилийн өмнө хүчит хөвгүүд маань зоригтой шийдсэн шиг одоо бид зоригтой, шударга алхам хийх нь ганцхан та биднээс шалтгаална.



1924 оны 11 сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Бүгд найрамдах улс болж анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг түүхийн хуудаснаа тунхаглан зарласан бөгөөд үүний зэрэгцээ нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өнөөгийн нэрээр нь нэрлэх болжээ. Энэ үеэс л жил бүрийн 11 сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баяр"-ын өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Өдгөө энэ өдөр 85 дах удаагаа ирж байгаа аж. Бүгд найрамдах улсаа байгуулж, анхдугаар үндсэн хуулиа баталж байсан тухайн үед Монгол улсын ерөнхий сайдаар түүхэнд "Хичээнгүй сайд" хэмээн алдаршсан Балингийн Цэрэндорж ажиллаж байсан ба 1924 онд баталсан үндсэн хуулиа 1940, 1960, 1992 онуудад нийгмийн тогтолцоонд гарсан өөрчлөлтүүдтэй уялдуулан тус тус өөрчилж байжээ. Харин БНМАУ хэмээх нэрийг Монгол улсын анхны ерөнхийлөгч П. Очирбат гуай санал оруулан Монгол улс болгон өөрчилсөн түүхтэй.



Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй эх орны минь сүр хүчин үеийн үед мандан бадрах нь лавтай. Монгол маань ирээдүйд яаж ч өөрчлөгдөн хувирсан ард түмэн маань харамсахгүй хэмээн би итгэж байна. Тусгаар тогтносон 85 жил маань цаашдаа олон мянган жил үргэлжилж, омог бардам Монгол хүмүүн дэлхийд данстай, хаана ч хүндлэгдэн хайрлагдах болтугай. Монгол улс тунхагласны 85 жилийн ойн баярын мэндийг эрх чөлөөт ард түмэндээ хүргэе.

No comments:

Post a Comment