Monday, December 14, 2009

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд тоног төхөөрөмжтэй боллоо

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд тоног төхөөрөмжтэй боллоо
Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк хамтран “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3”-ын хүрээнд Баянхонгор, Дорноговь, Дорнод, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 1,5 сая ам долларын үнэ бүхий сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өгөв.
  
Барилга, техникийн суурь боловсрол, цахилгаан, фермер болон усжуулалтын систем, авто механик, хоол, хүнсний технологийн мэргэжлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг төвүүд сургалтдаа ашиглах юм.

Улсын хэмжээнд орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, хичээлийн байр, сургалтын тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, номын сан бүхий техник, мэргэжлийн сургуулийг бүсчлэн хөгжүүлэхээр дээрх аймгуудийн сургуулийг загвар болгон сонгож авсан байна. Төслийн хүрээнд энэ 6 сургуулийн хичээлийн болон дадлагын байрыг 2007-2008 онд 1,059 сая ам доллараар засварласан юм. 
  
Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлж сургуулиудын төлөөлөлд батламжийг нь гардуулав.
  
Монгол хүн бүрийг ажилтай байлгахыг зорьж байгаа Ерөнхий сайд С.Батболд “Мэргэжлийн боловсролын салбарт  дан ганц Засгийн газар бус, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Өнөөдөр гардуулж байгаа энэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хөдөө орон нутгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн дадлагын баазыг орчин үеийн болгож, хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэн гаргахад томоохон түлхэц болно гэдэгт итгэж байна” гэв. 
  
“Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3”-ын хүрээнд цаашид дээрх 6 аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд дэмжлэг үзүүлж, мэдээлэл, харилцааны технологийн иж бүрэн лабортори, тавилга, техник хэрэгсэл, номын сан болон биеийн тамирын тоног төхөөрөмж нийлүүлж багш нарын мэргэжлийг дээшлүүлэх юм.

Тодруулга: Монгол Улсын Засгийн газар Мэргэжлийн боловсролын сургалтын салбарт сүүлийн 3 жилд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 20 гаруй сургуулийн хичээлийн байр болон дадлагын газарт засч өргөтгөжээ. 

Үүний дүнд энэ салбарт суралцагсдын тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2009-2010 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 63 төвд 44 мянга гаруй сурагч суралцаж байна. Мөн хөдөлмөрийг дэмжих сургалтаар 15 мянга гаруй хүн мэргэжил эзэмшжээ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байртай болж бйгаа нь мэргэжилтэй ажилчин эрэлт хэрэгцээ ихтэй байгаагийн нотолгоо юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

No comments:

Post a Comment