Monday, December 14, 2009

Амьдрал өөрөө нэг сая доллар

 Өглөөний сэрүүлэгний дуу намайг сэрээх нь мөнгөний төлөөх дайны дуудлага шиг. Гэрээсээ гараад явлаа. Энд миний сэтгэлгээний ертөнцөөс бүх зүйл нь өөр. Энд хүрээлж буй орчин, эргэн тойрны уур амьсгал, хандлага ер нь бүх юм тэс өөр тийм л ертөнц.

Мөнгөгүй бол би энэ ертөнцөд идэж, ууж, амарч, эрүүл байж, урт насалж чадахгүй. Угаасаа энэ ертөнцийг би бүтээгээгүй. Өөр хэн нэгэн хэдэн мянган жилийн турш бүтээсэн тийм л хорвоо. Энд би бусдын зохиосон дүрмээр л тоглоно. Харин энэ тоглоомны бооцоонд нь залуу насаа тавьчихсан. Энд эргэж ухрах ямар ч боломжгүй. Харин зүгээр л өнгөрсөнөө эргэж харж болно. Угаасаа энд цаг хугацаа хэнд ч, хэзээ ч ухрах боломж өгч байгаагүй. Цаашид ч өгөхгүй биз. (жилийн өмнөх бодол...)

Амьдрал утга учиртай байхдаа сайхаан. Гэр бүлийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө, мөрөөдөлийнхөө төлөө ажиллах, ядрах, зовох эцсийн дүндээ бол жаргал л юм байна. Яагаад гэвэл гэр бүл минь, мөрөөдөл минь бүгд миний амьдралын утга учир нь болохоор нар тусах өглөө бүхнийг би надад өгсөн бэлэг гэж боддог болсон. (жилийн дараах бодол...)

Амьдрал бидэнд асар баялаг боломжуудыг олгодог. Аз бас авъяас нь байвал авч болохгүй зүйл тун цөөхөн хорвоо шүү дээ. Магадгүй маргааш би баяжина. Эсвэл нөгөөдөр. Яагаад гэвэл амьдрал өөрөө нэг сая доллар, аз нь таарвал хоёр сая доллар, авъяас байвал зуун сая доллар, амжилтанд хүрвэл нэг тэрбум доллар шүү дээ.

Амьдрал бол бидэнд өгсөн хамгийн том бэлэг, хамгийн агуу боломж юм. Залуу хүн мөрөөдөлтэй бол зам нь аяндаа гэрэлтдэг юм гэсэн. Хичээгээрэй залуусаа.

No comments:

Post a Comment