Sunday, December 13, 2009

Гитарандаа сүнс нь хоргодсон залуу -2

Өвгөнийг ном унших тусам Жамбалын дүрс улам тодрон гитарын утас аажим аажим цохигдон донгинож байсан аж. Үхээрийн бузрыг тонилгох гэж бүхий л хүчээ зарцуулж байгаа өвгөн ламын хөлс хацрыг нь даган бөнжигнөн урссаар байсан бөгөөд тэр Жамбалын дүрс тодорч амьд юм шиг болсон хойно Эрдэнэ-Очирт  хандан архи хундагалж өг гэж дохижээ.
Айдаст автахын дээдээр автсан Эрдэнэ-Очир өвгөн ламыг тэгж дохимогц золтой ухаан алдаж унасангүй.  Гэсэн ч  энэ бүх  явдал бушуухан дуусаасай гэж бодохын эрхэнд бөнжигнөтөл чичирсээр талийгаач найз руугаа дөхсөн байна. Энэ үед Жамбалын хуруу гитарын утаснаас салж архийг сарвайн аваад ам руугаа чиглүүлсэн байна.
Тэгтэл ч өвгөн лам өврөөсөө жижиг савтай үнс шиг нунтаг саарал зүйл гаргаж ирээд Жамбалын сүнс рүү цацаж эхэлжээ. Цацах тоолонд Жамбалын хий дүрс яг л хэцэнд өлгөсөн даавуу шиг намирсаар хаалга руу дөхөж байсан аж. Өвгөн лам түүнийг хаалганы яг дэргэд очих үед таягаа шүүрэн аваад “Тонил чи” хэмээн шидэж орхижээ.
Таяг нь Жамбалын дүрс рүү гуядах шиг болоход Эрдэнэ-Очирын гэрийн хаалга тасхийн савж онгойгоод Жамбалын дүрс алга болсон байна.  Өвгөн лам үүний дараа ч уншлагаа зогсоосонгүй.
Бүтэн хоёр цаг тасралтгүй ном уншаад баринтагаа эвхэн өндийжээ. Эрдэнэ-Очир болон залуус баярласанаа илэрхийлж хадаг мөнгөний хамт баривал өвгөн лам хадгийг нь авч, мөнгийг нь буцаахдаа “Буг чөтгөр ч юм уу, төөрөлдсөн сүнсийг  тонилгож амирлуулчихаад мөнгө төгрөг авна гэдэг захиалгаар хүн хөнөөж байгаатай ялгаагүй хэрэг юм. Бодит биегүй ч гэсэн сүнс сүүдэр ад чөтгөр гэдэг энэ орчлонгийн бас л нэг хэсэг нь юм шүү дээ” хэмээн өгүүлсэн байна.
Харин гэрээс нь гарахын өмнө Эрдэнэ-Очирт хандан “Хүү минь тэр хөгжимөө шатааж устга. Найзын чинь сүнс гитарынхаа утсанд хоргодсон байжээ. Сүнс хэдий зам мөрөө олсон ч удаан хугацаанд хоргодож байсан юмандаа эргэж татагдан ирэх гээд байдаг юм. Энэ талийгаачийн ар гэрийнхэнд төрөл дээшлүүлэх ном сайн уншуул  гэж дамжуулаарай. Зуурдад гацсан, төрлөө ололгүй тэнүүчилж дассан сүнс их хэцүү. Ар гэрийнхэндээ буцаж гай болоод байдаг юм. Ах нь талийгаач найзад чинь буян хийж сахиусандаа багтаанаа” гэсэн байна.
Өвгөн ламыг явсаны дараа Эрдэнэ-Очирын найзууд юун үргэлжлүүлж наргихтай манатай болцгоож хойт төрлөө олоогүй яваа талийгаач найздаа хэрхэн тус нэмэр болох вэ, гитарыг хаана аваачиж устгах вэ гэж ярилцсаар салсан юмсанж.

No comments:

Post a Comment