Monday, December 14, 2009

Ардчилал алагчлал болж хувирчээ

Ардчилал алагчлал болж  хувирчээ
Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ” хэмээн монголчууд  алгаа ташиж байна. Үнэндээ  20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа  ардчилал анхдагчдаа танихгүй болтлоо зүсээ хувиргачихаад, ач гавьяаг нь алдаршуулах нэрээр  алагчлал болгосон нь эмгэнэлтэй.


Шагнал, урамшуулал олгохоос  татгалздаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 30 мянган ширхэг одон, медаль хэвлүүлэхэд “Татвар төлөгчдийн мөнгөөр  ингэж туйлж болдог юм уу” хэмээн хэвлэлүүд шуугиж байлаа. Ардчилагчдын энгэрийг мялаах гэж байгааг нь дуулаад дэмжсэн нь ч  цөөнгүй. Гэтэл ардчиллынхаа түүхийг гуйвуулсан, өөртөө зориулж  намтар захиалсан, ардчилагчдаа алагчилсан жүжгээр  20 жилийн ой хөшгөө буулгаж орхилоо.

Түүх түүхээрээ  үлдэх ёстой.  Адилхан гавьяа байгуулсан ардчилагчид зэрэгцэж зогсоод гавьяагаа үнэлүүлэх учиртай. Хэдийгээр он жилүүд улиран одож, ардчилагчдын зарим нь тэнгэрийн оронд заларсан ч ардчиллын анхдагч 13-ыг монголчууд мэддэг, таньдаг. Хэн нь ямар гавъяа байгуулсныг байтугай, ардчиллын хаалгаар хэзээ  хэрхэн орж ирснийг мэдэх гэрч бий. “Шударга байцгаая” гэж уриалдаг төрийн тэргүүн  өнөөдөр журмын нөхдөө шагнахдаа шударга байж чадсангүй.

Монголын нийгэмд илч, гэгээ авчрах гэж гэрэл, гэрлээрээ таталцаж, гар гараасаа хөтлөлцөн зүтгэж явсан тэдний дотор өнөөдөр  С.Зориг, С.Цогтсайхан, Б.Галсандорж нарын олон нөхөд нь алга, бурхны оронд одсон. Нэгэнт ардчиллын 20 жилийн ойг тэмдэглэж байгаа учир тэдний алдар гавьяаг  хүндэтгэн дурсч, улсын баатар цолоор нэхэн шагнаж яагаад болохгүй гэж. Тэргүүн эгнээнд яваагүй ч гэсэн зүрх, сэтгэлээрээ дэмжсэн Монголын ард түмэн  энэ өдөр өргөн дэлгэр баярлаж цэнгэж чадсангүй.

Анхны 13-аас 12 нь гавьяагаа үнэлүүлсэн бол ардчиллын анхдагч, бараг автор нь гэж хэлж болох Дарь.Сүхбаатар торойтол ганцаараа хоцорлоо. Ардчиллын хаалгаар хэн нь хэзээ орж ирсэнийг жагсаах юм бол тэр хамгийн анхны хүн. Түүний дараа С.Амарсанаа, Л.Нямсүрэн, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Баасан лам, Д.Сосорбарам, “Малыш” Б.Энхтүвшин, С.Зориг, В.Энхболд, Д.Нинж, “казино” Д.Энхбаатар нар дараалан орж ирсэн байдаг. Э.Бат-Үүл улсын баатар болж, бусад нь гавьяатаас эхлээд төрийн өндөр дээд шагнал хүртлээ. Тэдэнтэй мөр зэрэгцэж хамтран зүтгэсэн П.Нэргүй, Г.Бошигт, “Буян” хэмээх Б.Жаргалсайхан  нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаав. Тиймээс 13-ын нэг Ц.Элбэгдорж, мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхдөө шагнасан мөртлөө  яагаад  нэгийг нь үлдээв. Атаа хорсол уу? ямар нэгэн байдлаар үлдээх шалтгаан байв уу, шударга явдалд нь өш санасан уу  гээд асуулт байгаа юм.

2009 оны сонгуулийн үеэр бүх юмны анхдагч, санаачлагч Ц.Элбэгдорж гэсэн мессеж ихээхэн цацагдсан. Өнгөрсөн сарын дундуур энэ тухай асуусан сэтгүүлчид  Дарь.Сүхбаатар “Ний нуугүй хэлэхэд тэр бол нэг их хортой юм болоогүй. Сонгуулийн “пиар” хэрэгтэй байсан байх. Гэхдээ түүх үнэнээрээ байх ёстой. Харамсалтай нь анхны нөхдийн нэг С.Амарсанаа Ц.Элбэгдоржийг “Ардчилал” сонины анхны эрхлэгч гэж бичсэн байсан. Үнэндээ бол өөрөө анхны эрхлэгч шүү дээ. Бусад хөдөлгөөний нөхдөө ч дурсмаар байна” гэж байсан. Мөн 1991 оны намар С.Зориг  агсан өөр нам байгуулан гарахаар болж,  ардчилсан холбооны  удирдлагаас чөлөө хүсч, дүрмийн дагуу Ардчилсан холбооны ээлжит бус их хурлыг  зарлан хуралдуулах болсон тухайд “…Ерөнхий зохицуулагч чөлөө хүссэн учраас дэд зохицуулагч миний бие илтгэл бичиж, тавих үүрэг авсан. Хурал товын дагуу маргааш болох байтал урьд орой нь бид ажлын зөвлөгөөн хийсэн. Индэр дээрээс зөвлөгөөнийг удирдаж байтал МоАХ-ны тэргүүлэгч гишүүн, АН-ын дарга Э.Бат-Үүл “Ерөөсөө одоо хурлаа эхэлчихье” гэсэн санал гаргасан. Би  хурал удирдаж байгаагийн хувьд товын дагуу  хийе гэсэн. Гэтэл  Э.Бат-Үүл “Энэ Дарь.Сүхбаатар илтгэл бэлтгээгүй, өнөө шөнө сууж бичих гээд ингээд байгаа юм” гэхээр нь  20-30 хуудас илтгэлээ гаргаж үзүүлээд “Илтгэл энэ байна, миний бичгийн чадвар чамаас хамаагүй илүү шүү” гэж уурссан. Тэгсэн өнөөдөр эхлэх үү, маргааш эхлэх үү гэдгийг санал хураагаад шийдчихъе гэж байна. Тэгэхээр нь “Би энэ хурлыг чинь даргалахгүй шүү. Хурлын даргаас огцорлоо шүү” гээд буулаа. Тэгсэн хурлын даргыг шинээр сонгоод явчихлаа. Маргааш нь ерөнхий зохицуулагчаар Ц.Элбэгдорж сонгогдсон байсан” хэмээн тэр үеийн түүхийг өнгөтөөр нь хэвлэлд ярьсан. Дарь.Сүхбаатар “Түүх, түүхээрээ үлдэх учиртай”-г сануулсныхаа төлөө гавьяа, шагналаас хасагдсан байж мэднэ.

Анхны 13-ыг ардчиллын босгоор алхаж орж ирсэн дарааллаар жагсаавал:

/Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор гавьяа шагнал хүртсэн байдал/

1.Дарь.Сүхбаатар/ шагнал аваагүй/
2.С.Амарсанаа/”Алтангадас” одон/
3.Л.Нямсүрэн/Монгол Улсын гавьяат барилгачин/
4.Э.Бат-Үүл /Монгол улсын баатар/
5.Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/
6.Д.Баасан лам /Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон/
7.Д.Сосорбарам/Монгол улсын Ардын жүжигчин/
8.”Малыш” Б.Энхтүвшин /Алтангадас одон/
9.С.Зориг /нас барсан/
10.В.Энхболд /Алтангадас одон/
11. Д.Нинж/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон/
12.Д.Энхбаатар /Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон/
13. Б.Билэгт /Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон/

Хамтран зүтгэгчид:
П.Нэргүй / Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон/
Г.Бошигт / Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон/
“Буян” Б.Жаргалсайхан / Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон/

No comments:

Post a Comment