Monday, December 14, 2009

Амуль

…Түүнээс одсон хийгээд алсран одож буй бүхэнд мөнх бус хамаатай. Тэр бидний одоо ба ирээдүй. Басхүү өнгөрсөн цаг үе минь билээ…
Бүх зүйл Жүмисийг хөл хүнд болсноор эхэлсэн юм. Хэрвээ тийм явдал болоогүй бол бүх юмс дэндүү амар хялбар, ойлгомжтой байх байсан биз ээ. Харамсалтай нь хувь тавилангийн тоглоом шоглоомд энэ бүлийнхэн дэндүү хатуухан өртөх ёстой байжээ. Гэвч бүхнийг хэн нэгэн мэдэж байдаг хойно доо. Түүнээс гарах гарц, зугтах боломж бий гэж үү.
Халширмаар хахир хатуу, урт удаан үргэлжилсэн өвлийн дараа тэнгисийн мөс бүхэлдээ хайлж, ой тайга номин ногоон өмсгөлөө өмсч, цэцэг навч хоромхон зуурт л дэлбээлж цэцэглэлээ. Хойд нутгийн хавар ийм л хурдан ирдэг бөлгөө. Ан амьтад ичээнээсээ гарч, нүүдлийн шувууд эргэн ирж гүйцээд байсан хаврын сүүл сарын хуучдаар Мура авгай шинэхэн бэр Жүмисийгээ дагуулан тайгын гүн дэх Сэнгэлэг горхины орчмоос дүрва өвс түүж, харих замдаа намгаас хүлрийн өрөм шүүрдэн авчрахаар явсан юмсанж. Мура урин дулааны цагт сар бүрийн хуучдаар ийнхүү дурва өвс, хүлрийн өрөмд байнга явна. Чухам үүний хүчинд л ганц хүү Бодончыгоо өдийг хүртэл амьд мэнд авч яваа билээ. Бодонч төрөлхийн бие султай, байнгын асаргаа шаардаж байдаг хөөрхийлөлтэй нэгэн. Арван нас өнгөртлөө явж ч чаддаггүй, үг хэл хэлж ч чаддаггүй хүүхэд байжээ.
Энэ нутагт өдрийн од шиг ховорхон ирдэг эрхүүд*-үүдийн нэгнээс ийм өвчтэй хүнд дурва ханд уулгаж, хөл гарыг нь бүлээсгэсэн хүлрийн өрмөөр хучиж байх нь хамгийн сайн эмчилгээ болно гэдгийг сонссоноос хойш тэрбээр ийнхүү дурва өвс, хүлрийн өрмөөр хүүгээ эмчлэх болсон юм. Санаа дагаад ч тэр үү, аль эсвэл эмчилгээ үнэхээр сайн нөлөөлснийх ч юм уу ямартай ч Бодонч хүү илтэд дээрдэн хөл дээрээ муухан ч гэсэн явдаг болж, үг хэл нь ойлгогдохгүй ч ойр зуурхан ярихчаан болдог болжээ. Хүүгийн үе чацуутангууд ойн нарс шиг хүдэр чийрэг болон өсч, ан гөрөөнд ид хаваа гайхуулан байхад Бодонч гэрийн мухар сахиж, ихэнхдээ өвчиндөө шаналж хэвтэрт л хамаг цагийг бардаг байлаа.
Бодончийг төрөхөд Караха нөхөр нь эх барьж авсан гэдэг. Дөнгөж амь голтой төдийхөн, уйлах ч тэнхэлгүй хүүгээ хараад эхнэр нөхөр хоёр өөрсдийн азгүй хувь тавиландаа харуусан гашууджээ. Тэдний хүү бие султайн дээр хүн цочирдмоор эрэмдэг зэрэмдэг нэгэн байлаа. Түүнийг ямар ч байсан хүн болгоно хэмээн хатуу шийдсэн эх нь эр нөхөөр зүйл бүрээр ятган байж төрөлх отог омгоосоо дайжин тэнгисийн хамгийн гүн зэлүүд булан дахь тайгын балар ширэнгийн нэвтэршгүй аглаг руу нүүсэн юм. Ингэж нүүхдээ Мура цор ганц ойрын хамаатан болох нагац эгчдээ,
-Нэг бол Караха бид хоёр. Үгүй бол бид хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлсэн гэдэг. Он цаг харавсан сум шиг өнгөрч Бодонч хүү ч эсэн мэнд эрийн цээнд хүрсэн ч энэ гэр бүл төрөлх отог омогтоо эргэн ирсэнгүй. Яваа яваандаа отог омгийнхон нь ч тэр гурвыг бараг мартаад байлаа. Хоёр жилийн өмнөх жигүүр тайлах ёслол* хүртэл шүү дээ…
Тайгын долоон отог омгийнхны насанд хүрсэн охид, хөвгүүд цөм ирцгээсэн энэ ёслол нижгэр сайхан болж байлаа. Дуу хуур, инээд наргиан бүтэн өдөр үргэлжилж үдшийн бүрий болоход том түүдгийн дэргэд хөвгүүд өөрсдийн сонгосон охидынхоо гараас хөтлөн Үсэхү удганаас хамт амьдран суух зөвшөөрөл хүсэн сөгдөцгөөлөө. Өөрсдийн хүсэлтээр долоон хос, үлдсэн дөрвөн хос Үсэхү удганы оноолтоор хувь заяагаа холбов. Хэн нэгэн нь татгалзах эрхээ эдлээгүйд отог омгоороо ихэд бэлгэшээн их найр цэнгүүн үүсгэн хөгжилдөцгөөлөө. Ийнхүү арван нэгэн хос залуу галын эзэнд мөргөн тайлга үйлдэж, тэнгэр эцэг, этүгэн эхийн өмнө бүхий л амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээ андгайлснаар жигүүр тайлах ёслолын хамгийн чухал хэсэг өндөрлөлсөн юм. Дараа нь Үсэхү удган эр нөхөр нь нас барсан Сайкулийг заншил ёсоор нөхрийнх нь дүү Салжукийн гэргий болгон өгсөнөө зарлав.
Яг энэ үед Мура, Караха хоёр Бодонч хүүгээ дагуулан арван зарь хөтөлсөөр тайгын гүнээс гэнэтхэн гарч ирэх нь тэр. Тэднийг байдаг эсэхийг бараг мартаад байсан хүмүүс гайхан алмайрч, бөөн шуугиан болцгоолоо. Тэд отог омгийнхонтойгоо бүгдтэй нь найрсгаар мэндчилээд, жигүүр тайлах ёслолд хожимдож ирсэндээ хүлцэл өчив. Хүмүүс тэдний ирсэнд ихэд баярлацгаажээ. Олонхийн бодож байсанчлан Карахагийн гэр бүл гүн аглагаасаа нэгмөсөн бууж ирэх огтын санаагүй байжээ. Гагцхүү ёслолд оролцон хүү Бодончдоо гэргий сонгож өгөх л зорилготой бууж иржээ.
Дунд зэргийн давжаахан нуруутай, эцэнхий цонхигор Бодончод гоо үзэсгэлэнтэй, жавхаалаг гэргий олдоно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэдгийг эх эцэг нь сайн мэдэж байлаа. Тиймдээ ч тэд албаар ёслол өндөрлөхийг модон дотроос ажиглаж байгаад гэнэтхэн гарч ирсэн хэрэг.
Караха хөтөлж ирсэн арван зариа* дөчин булганы арьс, баавгайн дахны хамтаар Үсэхү удганд өргөн барьж Жүмис охиныг хөвгүүндээ гэргий болгон өгөхийг гуйжээ. Хачирхалтай энэ явдалд хүмүүс гайхаж хоцров. Очиж очиж Жүмис шүү. Карахагийн толгой нь бүр эргэж гүйцжээ. Ухаан нь санаа нь эрүүл л байгаа даа гэх зэргээр хүмүүс өвөр зуураа шивэр авир ярилцана.
Жүмис бол тийм ч царайлаг бус, байнга хөмсөгөө атируулан газар шагайж явдаг жавхаа, хийморьгүй нэгэн. Бас дээр нь өрөөсөн хөлөө байнга чирч явдаг хэлгүй охин. Гурван ч удаагийн жигүүр тайлах ёслолоос нэг ч залуу түүний гараас хөтөлж, гэргийгээ болгон авахыг удганаас гуйгаагүй юм. Насаар нь хөөвөл Бодончоос даруй зургаа долоон насаар эгчмэд.
Жүмисийг бага байхад улангассан баавгай нүдэн дээр нь эгч, аав, ээжийг нь тасчин алсныг харснаас хойш үүрд хэлгүй болсон гэдэг. Баавгай түүний зүүн хөлний булчинг ясанд нь тултал химлэж бүдүүн хушны дор хаясныг маргааш өглөө нь хүмүүс олжээ. Дөнгөж амьсгалж байсан түүнийг Үсэхү удган асарч эмнэсний хүчинд хазгар дүлий ч гэсэн өдий зэрэгтэй яваад байдаг болгож чаджээ. Тунгалаг сайхан нүд, дэрэвгэр урт сормуустай Жүмисийг тэр аймшигт явдлаас хойш Үсэхү удган дэргэдээсээ холдуулалгүй өсгөсөн билээ.
            Карахагийн эл гуйлтад Үсэхү цааргалсангүй. Тэр ч байтугай болох ёстой зүйл жам ёсоороо болж байгаа мэт ихэд тайван амгалан оон хандаж байгаад хүмүүс багагүй хачирхжээ. Үсэхү удган Карахагийн бэлгийг гардан авч Жүмис Бодонч хоёрыг ёсолж зогсохдоо сая л сэтгэл санаа нь зовиургүй хачин баяртай байгааг отог омгийнхон анзаарч ихэд хөхин баясав.
-Тэнгэр эцэг, этүгэн эхийн хайр хишгийг насан туршдаа хүртэж, сайн сайхан амьдраарай. Караха, Мура…та хоёр зөв шийджээ гэж удган эх бахдалтайгаар ёслоод баяр цэнгүүнээ үргэлжлүүлэхийг хүсэв.
Жигүүр тайлах ёслол үүр цайтал үргэлжиллээ.
Найр наадам хавтгайрч хүмүүс наргиж цэнгэн баярлацгаав. Маргааш нь наран дөнгөж мандахтай зэрэгцээд нар, сарыг тайлах ёслолыг шинэхэн хосууд үйлдэцгээн тус тусын отог омог руу бэрүүдээ дагуулан одоцгоолоо. Караха, Мура хоёр шинэхэн бэртэй болсондоо хөл нь газар хүрэхгүй шахам баярлацгаажээ.
Караха хүүгээ ханьтай болохыг эхэндээ эрс эсэргүүцэж байсан билээ. Гэвч Мурагийн өмнө аргагүй хүчин мөхөсдсөн юм. Хорин жил ханилсны эцэст арайхийж хүүтэй болсон ч тэр нь байнгын асаргаа сувилгаатай хагас хэвтрийн хүн болж хувирсанд Караха өөртөө ихэд гуньж гутардаг билээ. Тийм хүн өрх толгойлж зах хязгааргүй их ой хөвч тайгын хатуу ширүүнд амьдарна гэдэг бараг боломжгүй зүйл. Насны өндөрлөг рүү мацаж яваа тэр хоёрын сэтгэлийг хүүгийнх нь ирээдүй хойч хамгийн их түгшээнэ. Тиймдээ ч Караха Мурагийн хүүдээ эхнэр авч өгөх саналыг зөвшөөрхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Эсэргүүцэж байсан нь Жүмисийг голж, шилсэндээ ч бус. Харин ч Жүмисээс өөр хэн нэгэн бүсгүйн нэрийг эхнэр нь хэлсэн бол тэр хэзээ ч зөвшөөрөхгүйд хүрэх байлаа. Энэ гэр бүлийн азгүй гутамшигт нууцыг ганцхан Жүмис л цааш нь хэнд ч задрааж, тайгын шившиг болгож чадахгүйд л Карахагийн сэтгэл бага зэрэг уужирсан хэрэг. Гэтэл өнөөдөр энэ бүхэн орвонгоороо эргэжээ.
-Жүмис. Охин минь хүлрийн өрмийг сайн цуглуулахын тулд бага зэргийн салхи гарахыг хүлээх хэрэгтэй. Их салхинд шүүж болдоггүй юм шүү. Өрмийг нь хүлэртэй холиод бүр зуурмаг бантан болгоод хаячихдаг юм гэж Мура намгийн дов сондуулуудын хоорондох хүлэрт усны мандлыг алгаараа зөөлөн илбэн, загссан өрмийг хичээнгүйлэн наалдуулж шүүрдэх зуураа өгүүлнэ. Жүмис ч дэргэд нь суугаад хадам эхийнхээ хэрхэн яаж хийж байгааг анхааралтай ажиглан толгой дохиж суулаа. Эх охин хоёр өдөржин намаг шүүрдэж хоёр ч жижиг бортого дүүрэн хүлрийн өрөм цуглуулжээ. Наран гудайх үед тэд хэсэг зуур амсхийгээд гэдрэг буцахаар болов.
-Одоохондоо ингээд л болоо доо. Ойрын нэг, хоёр сардаа хүүд минь энэ хангалттай хүрэлцэнэ ээ. Хамгийн чухал нь охин минь энэ эмчилгээг байнга, өдөр болгон хийх учиртай юм шүү дээ. Чухам энүүний чинь хүчинд Бодонч маань өдий зэрэгтэй яваа юм шүү дээ хэмээн Мура өгүүлээд хоолой нь зангиран,
-Тэр чинь Караха бид хоёрын нар юм шүү дээ. Ердөө цорын ганц… Жүмис чи минь ухаантай бүсгүй. Түүнийг минь сайн асарч, сувилж яваарай. Хөгшин бид хоёр хэр удахав дээ гэж санаа алдан өгүүлэв. Төдөлгүй хоёул замынхаа хүнсийг задлан тухалцгаав. Өлсч цангасандаа Жүмис хатсан загас, гахайн давсалсан махнаас том томоор зулгаан үмхэлж, хүүхэд шиг гэнэн цайлганаар инээмсэглэн ховдоглон залгилна.

-Аяар аяар, охин минь. Наад хоол чинь хөл ургаад гүйчихгүй. Бүсгүй хүн чинь ингэж хамаагүй юу олдсоноо ам, хамраа олохгүй чихээд байж болдоггүй юм. Бага багаар тайван идэхгүй юу гэж Мура инээмсэглэн өгүүлэхэд амаараа дүүрэн мах чихсэн Жүмис ичэнгүйрэн толгойгоо гудайлган дохьлоо. Тэгснээ гэнэт царай нь зэвхийрэн Мура руу айсан харцаар хэсэг харснаа ухасхийн босч гүйгээд зэргэлдээх бутны хажууд унаж тусан хүрч хүчтэй огиулан бөөлжиж эхлэв. Мура ч сандран ухасхийж,
- Яав охин минь. Юу болох нь энэ вэ? хэмээн үглэн нуруун дээр нь зөөлхөн дарж, -Юу идэж уучихсан хүүхэд вэ? Алив дотроо онгойтол бөөлж. Дараа нь булгийн уснаас залгилаарай. Тэгээд болохгүй бол дахиад бөөлж. Ээ чааваас гэж. Яачих нь энэ вэ гэж үглэнэ. Жүмис удтал хүчтэй огиулан хий бөөлжисний эцэст нулимсандаа халтартсан нүүрээ арчин инээмсэглэж, толгой сэгсрэв. Мура буруу шаан зэмлэж,
-Мэдэхгүй гэнэ шүү. Чамд ер нь мэддэг юм гэж байна уу. Мэдэхгүй, мэдэхгүй гэнэ шүү. Явъя энүүхэн булаг руу хүрье. Сайхан хүйтэн ус залгилчих. Дотор чинь онгойно гэлээ.
Булгийн хүйтэн уснаас ханатал залгисан Жүмис гэртээ харьтал дахин дотор нь муухайрсангүй. Мура түүнийг урц гэрт нь оруулж, дулаан хучиж хэвтүүллээ. Ямар нэгэн зүйлээс хордож эвгүйрхсэн байна гэж Мура таамаглаад шөнөжин элдвийн өвс, ургамлаа буцалган уулгаж, хурууных нь өндгийг хатган муу цусыг нь гадагшлуулж асарч бөөцийлөв.
Тэр дорхноо л Жүмисийн хацар ягааран, бие нь тавигдахтай зэрэг Мура тэссэнгүй баярлан хөөрч,
-За тэр би хэлээгүй юу. Чи хордлого авч дотор чинь эвгүйрхсэн байна. Дандаа л элдвийн өвс ногоо залгилж явах юм чинь аргагүй шүү дээ. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг. Наад гэдэс дотрыг чинь нээвэл эсэн бусын юм гарна даа. Ийм байхад дотор чинь яаж зүгээр байх болж байна аа. Энэ ой тайгад чинь хортой хоргүй өч төчнөөн өвс ургамал байна. Тэрнийг ялгахгүй хэрнээ хэдийнэ амандаа зуучихсан явах. Яаж болох юм. Одоохондоо хөгширсөн л харагдаж байгаа байх. Гэхдээ Мура чавганц чинь хөгшин, та гуравыгаа тийм ч амархан явуулчихгүй байх шүү. Надаас хойш л яадаг юм гэхээс. Би чинь муу ч үгүй удам судартай домч чавганцын зээ охин нь юм шүү гэж нэг үе бэрээ зэмлэж, басхүү өөрийгөө магтан бувтнана.
Маргааш нь жин үдийн алдад Мура тогоо дүүрэн бугын мах чанаж байх үед Жүмис гаднаас орж ирүүтэй л дотор нь муухайрч урц гэрийн хаяанд эвхрэн хүчтэй огиулав. Мура ч сандран дахиад бөөн өвс, ургамалын ханд бэлтгэн уулгалаа. Гэвч төдийлөн нэмэр болсонгүй. Үдэш орой түлээ оруулахаар гарахад Жүмис газар дөрвөн хөллөөд байдгаараа хий огиулан бөөлжиж байх нь тэр.
Мурагийн бие арзасхийх шиг болж сэтгэлд нь муу зүгийн совин хоосортол татав. Жүмисийг гэртээ даруй оруулж хэвтүүлээд хар зөнгөөрөө шинжиж эхэллээ. Сэжигтэй гэхээр шиж тэмдэг илэрсэнгүй. Харин хамрынх нь хянга дагуу үл мэдэг сэвхтэснийг ажиглав. Гэхдээ энэ сэвх Жүмист урьд өмнө нь байсан эсэхийг тэр сайн санахгүй байлаа. Гэлээ ч хаширлан тэр даруйдаа чихэр өвсний мөчир шатаан үнэртүүлтэл Жүмис ахиад л огиулав.

No comments:

Post a Comment