Sunday, December 13, 2009

Гитарандаа сүнс нь хоргодсон залуу

Гитарандаа сүнс нь хоргодсон залуу

Эл түүхийг Эрдэнэ-Очир хэмээх залуу өгүүлсэн билээ. Нэг удаа тэрбээр арван жилийн сургууль хамт төгссөн ангийн нөхдөө гэртээ авчран дайлж цайлсан юмсанж.
gitarУулзалгүй удсан нөхөд нь хүүхэд насныхаа хөгжилтэй явдлуудыг ярилцсанаас гадна орчлонгийн хяслаар цэл залуугаараа өөд болсон ангийн анд Жамбалынхаа тухай дурсан гуниглажээ. Эрдэнэ-Очирт талийгаач найзын нь гараасаа салгадаггүй байсан гитар нь байдаг тул тэр найзыгаа дурсах далимд гаргаж ирэн ганц нэг ая тоглочихоод хажуудаа тавьсан байна.
Найзууд ууж идэн нэлээнн удаан суусаны дараа нэг нь бие засахаар гарчихаад орж ирэхдээ “Ямар сонин юм бэ? Сая намайг бие засчихаад наашаа орох гээд явж байтал талийгаач Жамбал яваад орчих шиг боллоо” хэмээн өгүүлжээ.
Түүний хачирхалтай үгийг сонсоод найзууд нь ихэд дургүйцэн “Чи өөд болсон найзыгаа тоглоом шоглоомонд хавчууллаа” гэцгээж байсан аж.
Нөгөө залуу ч найзыгаа дурсан ярьсанаас болж сэтгэл зүйн цочролд ороод хий юм харсан юм болов уу даа гэж бодоод л өнгөрч. Найзууд хоол идэнгээ нэг шил архины ард гарч улмаар хоёр дахь гурав дахиа задлаад сууж байтал гэнэт залуусын нэг “Хүүе бид хэд тавуулаа байгаа биш үү? Энэ юун хундага вэ? Хэн нэг нь илүү уух гээд илүү хундага гаргаад тавьчихаж дээ.
Тэр хүн бэ Эрдэнэ-Очир оо” гэж асуусан байна. Гэрийн эзэн Эрдэнэ-Очир яах аргагүй хүний тоогоор таван хундага гаргаж тавьсан болохоор найзынхаа үгэнд гайхан ширээ рүү харвал нээрээ зургаан хундага байжээ. Тэгтэл ч энэ үед буйдан дээр тавиастай байсан гитарын утас донхийн дуугарч зөөлөн уйтайхан уянгалж эхэлжээ.
Гайхаж эргэлзсэн залуус нэг нэг рүүгээ ээлжлэн харж байсанаа талийгаач Жамбалын тоглох дуртай ая гитарын утаснаас хангинаж байгааг мэдэн сандарчээ. Бүгд үсрэн босоцгоож хаалга тийш бие биенээсээ өрсөн гүйлдэхэд Эрдэнэ-Очир ч даган гарч ирсэн байна. Өөд болоод хоёр жил болсон найз Жамбалын нь сүнс хаанаас ч юм бэ гарч ирээд гитар тоглож байгааг ойлгосон залуус нэг хэсэгтээ л учраа олсонгүй.
Харин  хэсэг хугацаа өнгөрсөний дараа Эрдэнэ-Очир хажуугийн нь хашаанд нэгэн өвгөн лам байдагийг санаж тэднийх рүү гүйн оржээ. Өвгөн лам түүний үгийг сонсоод огт айж эмээсэнгүй. Хойморын авдар дотроосоо баринтаг-ласан том судар гаргаж сугавчлаад шууд Эрдэнэ-Очирын гэр лүү оржээ. Тэгэхдээ ганцаараа орсонгүй.
Хашаанд холхиж байсан залууст хандан “Та нар бүгдээрээ ороод сууцгаа. Найзын чинь сүнс та нарыг хараагүй цагт амирлаж чадахгүй” гэсэн байна. Өвгөн лам залуусын хамт гэрт ороход тасралтгүй хангинаж байсан гитарын нэг утас донхийн тасарсан бөгөөд өвгөн баринтагтай судраа дэлгэж эхлэхэд дахин нэг утас тасран гитарын хөг сааралтаад иржээ.
Лам судраа дэлгэн уншиж эхлэхэд гитарын ая огцом тасарсан ч талийгаач Жамбалын дүрс аажим аажимаар тодорч эхэлсэн аж. Зэвхий цагаан царайтай, жигтэйхэн уруу дорой төрхтэй талийгаач найзынхаа дүрсийг харсан хоёр ч залуу тэсгэлгүй чангаар бахиран орилж гарч гүйхээр хаалга руу зүглэсэн боловч өвгөн лам тэднийг гадагш гарахыг хориглон “Энэ сүнс та нартай уулзахыг хүссэн. Сэтгэл нь амарсан цагтаа л эндээс зайлах ёстой. Нүдэнд чинь ямар ч юм харагдсан тэвчиж байх хэрэгтэй” гэж сургамжлаад тэнүүлч сүнсийг тонилгох номоо цааш нь үргэлжлүүлэн уншжээ.

No comments:

Post a Comment