Thursday, December 17, 2009

Туул голын сав газраас зөвшөөрөлгүй элс, хайрга олборлож байсан 12 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

МХЕГ-аас саяхан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй олборлож байсан 61 иргэн, 139 аж ахуй нэгжийг илрүүлжээ.
Эдгээр аж ахуй нэгж нь аймаг, төвийн суурьшлын бүс болон голын сав газарт олборлолт явуулж, төлбөр төлөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийж, нөөц тогтоогдсон ордыг хууль бусаар ашиглаж байсан гэнэ. Энэ нь “Ашигт малтмалын тухай хууль”-ийн цөөнгүй заалтуудыг зөрчиж байгаа юм.
Нийт Улаанбаатар, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод зэрэг 19 аймагт түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга, шавар, чулуу, шохойн орд олборлож буй 61 иргэн, 291 аж ахуй нэгжийг хамруулсан байна.
Шалгалтаар зөрчилтэй байсан байгууллагуудад нийт 278 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, 8 сая 740 мянган төгрөгийн торгууль ногдуулж, Улаанбаатар хотын суурьшлын бүс болон Туул голын сав газарт олборлолт явуулж байсан Ялгуусан ХХК, Өлзийтхан ХХК, Орчлон констракшн, Эрэл ХХК, Баярсконстракшн зэрэг 12 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын албаны дарга Б.Сарангийн ярьж байгаагаар, шалгалтын дүнг нэгтгэн үзэхэд нийт хамрагдсан аж ахуй нэгжүүдээс, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, барилга, автозамын засвар, угсралт зэрэг бусад ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд нь ашигласан ашигт малтмалын төлбөр хураамжийг бүрэн төлөөгүй, зөвшөөрөлгүйгээр хайрга элс олборлож байсан зэрэг зөрчлүүд илэрсэн аж.
Энэ бүх зөрчил гарах болсон нь Байгаль орчны багц хууль, Ашигт малтмалын хууль, Газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт муу байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Түүнчлэн өмнө нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт, ашиглалтын байдалд дорвитой хяналт шалгалт хийгдэж, зөрчлийн арилгах талаар арга хэмжээ авч байгаагүй нь тогтоогджээ.
Холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарч хууль зөрчсөн аж ахуй нэгжид хариуцлага тооцож, орон нутагт тодорхой чиглэл, зааварчилгаа өгч ажиллах юм байна.

No comments:

Post a Comment