Sunday, December 13, 2009

Баян-Өлгий аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд-2

Бураатын даваа. Ховдоос Өлгий орох замд Хонгиогийн голыг өгсөж, Толбо нуурын Хонхор луу орох замд Хатуугийн голын эхний уулын урд доогуур давах даваа. Бас Хонгор Өлөнгийн даваа гэдэг. Цайр уулын хажуу талд оршдог. Мянганы зам төслийн хүрээнд уг даваагаар дамжих замыг засаж сайжруулсан байна.


Борбургас гол. Сийлхэмийн нуруунаас эх авч зүүн урагшаа урсан, Согоогийн голд нийлэх гол.
Борбургасын тал. Ховдын цутгал Согоогийн голын хойд биеэр Борбургасын адаг хавиар орших тал.
Борбургасын гол. Алтайн нуруун дахь Тал нурууг дамжин 80 км орчим урсаад Сагсай голд цутгадаг.
Далайн хөлийн уул. Баян-Өлгийн нутагт Тал нуурын хойд эргээр орших 3296 м өндөр уул.

Дөрөө нуур. Монгол Алтайн ууланд Дэлүүний голын эхээс хойш, Дэлүүний уулаас баруун хойш 2374 м өндөрт орших нуур. Урт өргөн нь 4-10 км. 14 ам.дөр.км талбайтай.
Дэлүүн гол. Алтайн нуруунаас эх авч урагшаа 60 орчим км урсаж, Дэлүүн сумын төвийн ойролцоо Чигиртэй голтой нийлж Буянт гол болно.

Дэлүүн уул. Алтайн нурууны хэсэг бөгөөд Хөхсэрх уулын баруун хойшоо муруйсан төгсгөлд оршдог. Хамгийн өндөр цэг нь 3758 м өндөр уул.
Дэлүүний Эх уул. Монгол Алтайн гол нурууны хэсэг Хөхсэрх нурууны хойд залгаа, Дэлүүн, Шураг голын эхэнд Ховд сумын төвөөс баруун тийш орших 3787 м өндөр уул.

Таванбогд уул. Манай улсын хамгийн баруун хязгаарт гурван улсын хилийн уулзварт, Алтайн нурууны хамгийн өндөр цэгийн нэг болж оршдог бөгөөд 113 ам.дөр.км. талбай бүхий мөнх цас, мөсөн голтой тахилгатай том уул юм. Таванбогд уулаас зүг бүр тийшээ том уулнууд салбарлаж гардаг. Таванбогд уулын хамгийн өндөр цэг нь Хүйтэн (Найрамдал) оргил 4374 м юм. Таванбогд уул нь голчлон хувирмал занар, бялхмал боржингоос тогтсон. Хажуу нь бутан (тарваган хусан) ширэнгээр бүрхэгдсэн. Өмнөд хажуугаараа голын хөндийд нь хар модон ойтой. Потанин, Прежвальский зэрэг мөсөн голууд бий.
Таван оргилтой учраас Таванбогд гэж нэрлэдэг. Таван оргил нь Хүйтэн, Мөст, Таванбогд, Ямаат, Аргалант эдгээр болно. 3 улсын хилийн эдгээр таван оргилыг Алтайн мөнх цаст 13 оргилын нэг гэж үзэж болно. Гурван улсын хилийн уулзвар болох оргил нь 4082 м өндөр юм.
alt

Цамбагарав уул. Монгол Алтайн нурууны салбар, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгийн заагийн Гурванцаст уулын зүүн хойд захын оргил 4165 м өндөр тахилгатай мөнх цас мөсөн голтой уул. Мөс судлалын ач холбогдолтой. Цамбагарав уулыг 2000 онд 1109 ам.дөр.км талбайгаар Байгалийн цогцолборт газар болгон улсын хамгаалалтад авчээ.

Мөст уул. Алтайн нурууны мөнх цаст 13 оргилын нэг. Даян нуураас баруун тийш Хоргон нуураас урагш Улсын хил дээр оршино. Хамгийн өндөр оргил нь Өндөрхайрхан 3943 м. Энэ ууланд 19 ам.дөр.км. талбайтай мөнх цас, мөсөн гол бий.
Мөст уул. Баян-Өлгийн Цэнгэлхайрхан уулын зүүн талд залгаа орших 3120 мөндөр уул.

No comments:

Post a Comment