Sunday, December 13, 2009

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах төслийг урьдчилсан байдлаар дэмжжээ

 Монголын төмөр замын өргөтгөлд зориулахаар төлөвлөсөн 188 сая ам,долларын зээлийн асуудал хэрхэн шийдэгдсэн талаар Мянганы хөгжлийн сорилтын сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Отгонбатаас тодрууллаа.

-Бид зургадугаар сараас хойш 188 сая ам.долларыг Монголдоо үлдээх талаар ажилласан. Эхний шатанд Мянганы сорилтын корпорацийн удирдарх зөвлөлөөс тэрхүү мөнгийг Монголд үлдээх нь зөв юм гэсэн шийдвэрийг гаргуулж чадлаа. Үүний дагуу одоо хэрэгжиж байгаа техник мэргэжлийн боловсрол, эрүүл мэнд, хот орчмын бэлчээр, хөрөнгийн эрх гэсэн дөрвөн төсөл дээр өргөтгөл өгөхөөр шийдвэрлэсэн. Эдгээр төслийн санхүүжилт одоогийн хэмжээнээсээ нэг дахин нэмэгдэнэ. Харин үлдсэн хөрөнгийг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн төслийг МСС-ийн хөрөнгө оруулалтын корпорацид санал болгосон. Тэдгээрээс хоёр төсөл урьдчилсан байдлаар дэмжлэг авсан. Нэг нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүч ба байгаль орчны төсөл, нөгөө нь босоо тэнхлэгийн хурдны замын төсөл юм. Чойроос Сайншанд хүртэл 177 км, Баянзүрхийн гүүр, Налайхын чиглэлийн 17 км замыг тавих төслийг дэмжих шийдвэр гараад байгаа. Гэхдээ энэ бол эцэслэн шийдчихсэн асуудал биш юм. Мянганы сорилтын корпорацийн хурал энэ сарын дундуур болно. Тэр хурлаар шийдвэр гарч байж хэрэгжиж эхэлнэ.
-Дэд бүтцийн хөрөнгө оруулалт хүний нүдэнд харагдаж байдгаараа онцлог. Гэтэл хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ багагүй ч үр дүн харагдахгүй байгаа. Гэтэл та бүхэн энэ чиглэлд хөрөнгө оруулахаар шийджээ. Үр дүн ямар байх бол?
- Төсөл гурван хэсгээс бүрдсэн. Эхнийх нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр “Ньюком” компанитай хамтарсан салхин сэнсний төсөл байгаа. Монгол гэрийн дулаан алдалтыг багасгах зорилгоор “Гэр инсулэшн” компанитай хамтран ажиллана. Гурав дахь хэсгийг утаагүй түлш үйлдэвэрлэгчдээс хамгийн шилдгийг нь сонгон хэрэгжүүлэх юм. Биднээс өмнө энэ чиглэлээр маш олон газрууд ажилласан ч үр дүн тааруу байгаа нь үнэн. Гэвч Бид тэдний алдааг давтах албагүй. Харин алдаан дээрээс нь суралцаад үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломж бий гэж үзэж байгаа.

No comments:

Post a Comment