Monday, December 14, 2009

Бэлэн мөнгөнд дулдуйдсан Монгол ба Нэг сая хятад ажилтан

Эх орны хишиг л гэнэ. Эрдэний хувь л гэнэ. Хэнд хэрэгтэй юм бэ ер нь. Цалингаас цалинд, халамжаас халамжинд амь зогоож буй ядуу бидэнд нэг удаагийн бөөн мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ хэдэн халтар төгрөг авсанаасаа эс юм болж өнөөх лайтай эдийн засаг нь уруугаа эргээд унах биз. Хүн болгон эдээд дуусахгүй мөнгөтэй болсон мэт авирлаж юу хүсэнээ авах гэж улайрна. Тэр цагт барааны үнэ гаарч, инфляци дийлдэхээ болих биз. Сайд дарга нам төрөөсөө хувь хүртээд байсан монгол түмэн минь ахиад л элгээрээ хэвтэнэ. Харин үүнийхээ оронд бид бодох хэрэгтэй.
Нэг сая хятад монголд орж ирнэ шүү.
Оюу толгойн гэрээг их хурал соёрхон баталж, олон түмэн ч С.Баяр сайдыг ам уралдан магтаж байна. Монгол улсыг хөгжлийн шинэ замыг тодорхойлсон чухал гэрээ мөн үү мөн. Харин энэ гэрээг батлагдахтай зэрэгцээд монгол улс хөгжлийн замдаа бэлэн байж чадсан уу. Үгүй гээд хэлэхэд ч зөөлдөхөөр байна. Төр засагт сууж татвар төлөгч бидний толгойг хөнгөхөн эргүүлж суугаа эрхэм гишүүд бол оюу толгойн гэрээ байгуулахад бэлэн байсан. харин хэлгүй дүлий байх ёстой ард түмэн бид бэлэн байж чадсангүй. Ажилгүй, амьдралгүй гэж өөрсдийгөө доош нь хийхээс бид хэтэрч чадахгүй л байна. Оюу толгой, Таван толгой, Асгат гээд өнөөх гайхалтай нөөц ихтэй баялагийн уурхайнууд ашиглалтанд ороод ирэхийн цагт бид ажилтайдаа тээр шаах цаг ирнэ. Гэхдээ аз байж монгол хүн мэдлэг олж чадвал шүү дээ. Гэвч харамсалтай нь бид чадахгүй. Өнөөдөр монгол улсад хөдөлмөр эрхлэх насны 1,5 хүрэхгүй сая хүн байна. Яг хөдөлмөр эрхэлж байгаа нь нэг сая 50 орчим мянга гэнэ. Гэтэл дээрх орд газарууд ашиглалтанд орж үйл ажиллагаа нь эхлэх юм бол ахиад нэг сая хүний ажлын байр бий болно. Энэ цагт бид яах бэ. Хэдэн бүсгүйчүүд минь өдөр шөнөгүй төрөөд ч нэг сая ажилтанг 5 жилийн дотор үржүүлж чадахгүй. Энэ цагт монгол нутагт минь сайн байна уу гэсээр харийнхан тавтай морилно доо. Бид ч тэднийг угтахаас өөр арга байхгүй. Өнөөх яриад байдаг Монгол улсын аюулгүй байдал хэрхэх бол... Зүрх шимширч байна.
Харин бид яах бол...
Дээд заяатай. Тэнгэр тулсан Монгол гэж бид өөрсдийгөө магтах дуртай шүү дээ. Тэр зангаараа л хятадуудыг бид ажилуулж дарга нь болно гэж мөрөөдөх биз. Харамсалтай нь тэгж чадахгүй. Уул уурхайн салбарт мэргэжилтэй боловсролтой ажилтан шаардлагатай. Тэгэхээр өнөөдөр буй харуулын ажлаа нэр төртэй хийж чадахгүй бид яаж бусдыг захирах гэж. Ингэхээр дахиад л ажилгүйчүүд үй олноороо Монгол улсын минь нэрийн хуудас болно. Энэ ойрхон шүү. ИХ удлаа гэхэд 7 жилийн дараах дүр зураг. Нэг сая гадаад ажилтантай, харин хэдэн зуун мянган дотоодын ажилгүйчүүдтэй Монгол улс 2015 онтой золгох байх даа. Ай хөөрхий амьдрал минь. Ажилгүй гээд өнөөдөр шиг бид гудамжинд архи уухгүй. Арай цамаан загнах л байх даа. Яагаад гэвэл өвөг дээдсээс үлдээсэн үнэт өв хөрөнгө ашигт малтмал байгаа учраас. Гадаад хүмүүсээр баялагаа ухуулж, жаахан хэдэн төгрөгийг нь ажилгүй Монголчууд авч. Харин дийлэнх хувийг нь хөрөнгө оруулагч нэртэй зусардагч нар аваад дуусна. Тэр цагт л монгол төрийн түмэн олноо хэлгүй дүлий байлгах гэсэн сонирхол улам нэмэгдэнэ дээ. Ард түмэн бид ажил хийж чадахгүй залхуу. Тэгээд байгалийн баялаг гэсэн хэдэн халтар төгрөгөө авч идэхээс өөр хийх зүйлгүй өрөвдөлтэй монгол болон хувирна. Энэ эмгэнэл биш гэж үү.
Яах бэ.
Хүссэн хүсээгүй нэг сая ажилтан гаднаас орж ирнэ. Ирэх ирэх дээ дийлэнх хэсэг нь урд хөршөөс минь айлчлах болно. Ийм үед монгол хүн тэднийг хөдлөгөхгүй байх үүднээс өөрсдөө мэдлэгтэй болох ёстой. Хэнд ч хэрэггүй хуульч, эмч, багш, сэтгүүчл болж байхаар ирээдүйтэй мэргэжил сонгох нь өсвөр насны хүүхэд залуусын алтан боломж гэж мөхөс би бодож байна. Эцсийн эцэст уул уурхай монголын хөгжил бус. Улс орны минь хөлөө олоход л багана болох тулгуур юм шүү. Харин монгол улс хэдэн зуун жил дэлхий дээр яаж өрсөлдөх бэ. Үйлдвэрлэл, бас үйлдэрлэл. Бид чадна. Ажилгүй монгол бус ажилдаг хөдөлмөрлөдөг хөлсөө усргадаг Монгол байх ёстой. Тэрнээс дээшээ харж хэвтээд төрөөс 50 мянган төгрөг авдаг Монгол бид биш ээ.

No comments:

Post a Comment