Monday, December 7, 2009

Анагаах ухааны таван худал

Америкийн Индианагийн анагаах ухааны их сургуулийн хоёр эмч, доктор Рэчел С.Вримэн, Арон Е.Каррол нар зарим эмчийн ч итгэдэг анагаах ухааны худал үлгэр домгуудыг цуглуулжээ.

1. Хүмүүс өдөрт дор хаяад найман аяга ус уух ёстой
Энэ зөвлөмжийг шинжлэх ухааны үүднээс нотолсон ямар ч баримтыг тэд олоогүй байна. Үндэсний шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний судалгааны зөвлөлөөс нийтлүүлсэн 1945 оны өгүүлэл уг зөвлөмжийн эх сурвалж байж болох юм. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд усны "ойролцоо хэрэглээ" нь хоногт 2.5 литр байна гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ.

Гэхдээ энэ усны нэлээд хэсэг нь бидний иддэг хоолонд байдгийг сүүлчийн өгүүлбэрт тэмдэглэсэн байна. Хэрвээ сүүлчийн шийдвэрлэх шинжтэй өгүүлбэрийг эс тооцвол, дээрх зөвлөмжийг өдөрт найман аяга ус уух хэрэгтэй хэмээн тайлбарлаж болохоор. Гэхдээ хоногт ердийн байдлаар ууж буй шүүс, сүү, ундаа, түүний дотор кофеин агуулдаг ундаа нь шингэний хэрэглээг хангалттай хангадгийг одоогийн судалгаа харуулж буй юм.
2. Бид тархиныхаа 10 хувийг л ашигладаг
Бид тархиныхаа 10 хувийг л ашигладаг гэдэгт итгэх итгэл бараг бүтэн зууны туршид явж ирсэн билээ. Альберт Эйнштейнийг ингэж хэлсэн гэдэг ч, энэ нь хаана ч, хэзээ ч бүртгэгдээгүй юм. Энэ худал домгийг дурдсан баримтыг хоёр эмч судалгаанаас олсон бөгөөд өөрийгөө хөгжүүлэхийг зорьж буй хүмүүс л үүнийг байнга дурддагийг уг судалгаанд тэмдэглэжээ.

Хүмүүс тархиныхаа чадамжийн 10-аас илүү хувийг ашигладгийг тархины гэмтэлтэй өвчтөнүүдэд хийсэн шинжилгээ харуулсан байна.
Тархины огт идэвхгүй нэг ч хэсэг байдаггүйг тархинд хийсэн өч төчнөөн судалгаа харуулжээ. Тийнхүү "ашиглагддаггүй" 90 хувийг хэн ч илрүүлээгүй байна.
3. Үхсэний дараа үс, хумс ургасаар байдаг
Кино болон ток-шоугаар үүнийг байнга давтан хэлдэг, гэтэл тийм биш ажээ. Үс, хумс ургахад "дааврын нарийн зохицуулалт" шаардагддаг бөгөөд энэ нь нас барсны дараа зогсдог байна.

Тиймээс нас барсны дараа бие усгүйжиж, улмаар зөөлөн эд агшдаг нь уг худал үлгэр домог амь бөхтэй оршсоор байгаагийн шалтгаан болох талтай. Ийм нөхцөлд үс, хумс ургасан юм шиг харагддаг байж болох.
4. Үсийг хусах нь түүнийг түргэн ургуулж, улам хар, өтгөн болгодог
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үүнийг байнга давтдаг. Үсийг хусах нь түүний ургалтад нөлөөлдөггүйг гэрчилсэн клиникийн нотолгоо бүхий 1928 оны дүгнэлт нь нэлээд хожуу үеийн судалгаагаар нотлогдож байна.

Хуссаны дараа үс ургахад өтгөн юм шиг харагддаг нь хусахаас өмнөх үснийх шиг нарийхан үзүүр байдаггүйтэй холбоотой гэнэ. Өмнөх хусаагүй үс шигээр нарны гэрэл сайн тусдаггүй учир, үс өтгөн хар юм шиг санагддаг байна.
5. Бүдэг гэрэлд ном унших нь хараа муутгадаг
Гэрэл муутай үед хараа төвлөрүүлэхэд хэцүү, тэгээд та нүдээ цөөн анивчдаг учир нүд хуурайшдаг аж. Тиймээс бүдэг гэрэлд юм унших нь эвгүй ч органик шинжтэй гэмтэл учруулдаггүй байна.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete