Sunday, December 6, 2009

Дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөр

Өөрт байгаа хувиа хичээсэн чанараа хүлээн зөвшөөрвөл амьдралын зөв зам өмнө чинь дурайх болно.
Хүмүүс “хувиа хичээгч” гэдэг үгэнд маш дургүй байдаг. Тийм учраас өөрөөсөө бусдыг боддоггүй, хувиа хичээдэг хүмүүсийн дурладаг мөнгө, нэр алдар, олны танил болох зэрэг зүйлд өөрөө ч мөн адил дуртай мөртлөө нөгөө талаар тэдгээр зүйлүүдээс татгалзаж байдаг.
Ялангуяа манай хориод насны бүсгүйчүүд ашиг хонжоо харсан сонголт хийхийг шаарддаг бодит байдал ба тэр бодит байдлыг чангаар, тод томруунаар буруушаасан дуу хоолой хоёрын дунд яах учраа олохгүй байх нь элбэг. Залуу бүсгүйчүүд үүнийг “залуу насны гэгээн төөрөгдөл” төдийгөөр бодож байдаг боловч бодит байдал тийм биш байдаг. Учир нь хориод насны амьдрал бол арван хэдтэй байх үеийнх шиг амьдралын дасгал сургуулилт, бие халаалт хийдэг нас биш хэрэгжүүлэх нас билээ.
Үзэл бодлын зөрчил нь эд хорин насандаа яваа таны оюун санаа, ирээдүйг самууруулахаас цаашгүй байдаг.

Нүдний өмнө байгаа бүх асуудлынхаа хариултыг олох, сонгохдоо сүүлд нь аль болох бага харамсах талыг харж сонгож чаддаг байхад “хувиа хичээхийн” мөн чанар оршдог.
Өөрөө жинхэнэ хувиа хичээгч байж зөвхөн өөрийнхөө төлөө л бүхнийг хийе гэж сэтгэл шулуудвал бодит амьдралд нийцсэн, зөв сонголт хийхэд саад болдог аливаа сэтгэлийн зөрчил үгүй болно. Эргээд бодоход хорин хэдтэй байхын гомдол, дургүйцэл, зөрчил зэрэг нь ихэнхдээ шал дэмий зүйлээс үүдэлтэй байдаг байжээ. Найзынхаа хэлсэн ганц үгийг хүндээр хүлээн авч, удирдах ажилтан ганц хоёр удаа хатуу үг хэлсний төлөө архи уух зэрэг инээдтэй зүйлүүд гуч гараад ирэхээр бараг тохиолдохоо байдаг.
С бүсгүй хэдхэн хоногийн өмнө ажилд орох хүчтэй өрсөлдөөнд ялж өөрийн мөрөөдөж явсан сурталчилгааны компанид ажилд орлоо. Гэтэл анхны ажилд орсон өдрөө ажлынх нь уур амьсгал тийм ч таатай биш болохыг анзаарч мэдлээ.
Өөрийг нь удирдаж ажиллах хүн нь ажлын байрандаа “аашны тулам” гэдэг нэрээр алдартай нэгэн байлаа. Найз нөхдийнхөө дунд зан ааш сайтай гэж хэлэгддэг С жаахан уужуухан хандаад тоохгүй байвал болчих биздээ хэмээн өөрийгөө тайвшруулж шинэ ажлын гараагаа эхэллээ. Гэтэл тэр удирдлагатай ажиллана гэдэг санаснаас хэд дахин хэцүү хэрэг байлаа. Жижиг алдаа гаргасан ч доромжлуулсан, үл тоомсорлогдсон сэтгэгдэл төрөхүйц үг хэлээр дайрч доромжилдог, алдаа мадаггүй хийсэн зүйлээс нь хүртэл өө сэв хайж зовоодог байлаа.
Тэгсээр байгаад ажил сурах нь бүү хэл  урам нь хугарч алдаа гаргах нь улам олширч түүнээсээ болж унтаж чадахаа болих үе ч олон байх боллоо.
Яван явсаар удирдлагынхаа зан аашинд бус өөрийнхөө чадварт байгаа юм биш байгаа гэсэн бодол хүртэл төрж өөртөө итгэх итгэл ч үгүй боллоо. Удирдлагынхаа шударга бус хандаж байгаад нь нэг ч үг  хэлж  чадахгүй дотроо л уур хилэнгээ багтааж ядан байгаа өөрийгөө хараад өрөвддөг байлаа. Гэвч ажлаасаа гарах талаар боддог ч үгүй байлаа.
Хэдхэн сарын дотор үгээр хэлэхийн аргагүй турж эцэн нүднээс гарсан С-д би сэтгэл зүйн эмчид ханд гэж зөвлөлөө. Эс тэгвэл эрүүл саруул зүгээр байсан хүүхэдгалзуурч мэдэхээр байсан юм. Түүнийг хэн ч харсан сэтгэлээр унах өвчин туссан сэтгэл мэдрэлийн өвчтөн байна гэж хэлэхээр болчихсон байлаа.
Түүнээс хойш иав зургаан сарын дараа түүнтэй дахин уулзахад  урьдын эрч хүч нь эргэн ирсэн байлаа. Урьдынхаасаа улам ч эрч хүчтэй болсон тэрээр сэтгэл зүйчийн  зөвлөгөө тус боллоо гэж хэлэв.
Түүний ярьснаар бол анхны хэдэн удаагийн зөвлөгөөн дээр эмч нь үг дуугүй түүний зогсоо зайгүй ярих яриаг анхааралтай сонсдог байжээ. Дунд нь ганц хоёр үг хэлэх төдий л байсан гэнэ. Өөрийн дотор байгаа бүхнээ ярьснаар сэтгэл нь онгойж  уужирдаг байсан болохоор сэтгэл зүйн зөвлөгөөг  тасралтгүй аваад л байжээ. Зөвлөгөө авч байсан нэгэн өдөр.
-“.............би ямар буруутайгаа мэдэхгүй байна. Би угийн аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хувиа хичээсэн зэнгүй хүн. Гэтэл яагаад намайг ингэж  зовоож байгаа юм бэ?”
-“Та түр хүлээнэ үү”
Эмч бүсгүйн үгийг таслан анх удаагаа урт гээчийн зөвлөгөө өглөө.
-“Та байнга л өөрийгөө сайхан сэтгэлтэй, үнэнч гэж хэлж  байгаа боловч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Хатагтай С та бол ухаантай, арга зальтай, юмыг тооцоолж чаддаг хүн юм. Тэр тарчлаан зовоогч  удирдлагатайгаа тэмцэлдэж маргалдахгүй байгаа нь өөрт тань ашигтай болоод тэр биш гэж үү. Гадна талаасаа харахад түүнд чадуулж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ бүх шийдвэрлэх хөзрийг гартаа  барьж байгаа хүн нь та.Та энэ хугацаанд өөрийнхөө үйлдлээр эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн талд оруулж өөрийгөө хүрээлүүлж чадсан байна шүү дээ.
Харин тэдгээр хүмүүст өөрийн энэ тооцоон дээр үндэслэсэн үйлдлээ мэдэгдэхгүй байхыг хичээгээрэй. Таны тэвчээрийн тань үр дүн удахгүй гарах болно.”
С бүсгүйн эмнэлгээс гарч ирэх мөчид одоог хүртэл өөрийг нь зовоож байсан чадуулж байна даа гэдэг бодол нь ор тас алга болсон байлаа. Үнэн хэрэг дээрээ хэлтсийн дарга нь  түүнийг биш, тэр өөрөө даргыгаа ашиглаж байна гэж бодохоор ямар нэгэн стресст орж бухимдах зүйлгүй болж байлаа.
Урьдынхаасаа огт өөр болж нүүрэн дээр нь загнуулж, аашлуулчихаад эргэж хараад л  мартаж орхидог боллоо. Дараа нь үнэхээр тэр дарга нь ажил дээрээ өөр бусад хүмүүстэй ч таарч тохирохгүй байсаар сайн дураараа ажлаасаа гарч С бүсгүй сэтгэл хангалуун ажлаа хийсээр үлдсэн билээ.
Хорвоо ертөнцийн эзэн нь болъё гэвэл эхлээд бүхнийг өөрт ашигтайгаар эргүүлж сур.
С бүсгүй сэтгэл зүйчээс зөвлөгөө авахын өмнө эргэн тойрныхоо хүмүүсээс “зан ааш сайтайгаараа чи үүнийг даваад гарна”, “чи битгий анзаарч тоо” гэх мэтийн тайвшруулсан үгийг байнга сонсдог байлаа. Гэтэл тэдгээр үгс түүнийг тайвшруулах нь битгий хэл бүр ч хэцүү байдалд оруулдаг байв.
Учир нь нийгэм хэдийгээр ийм муухай аминчхан болж өөрчлөгдсөн ч сайхан сэтгэлтэй хүнд хэзээ нэгэн цагт аз тохионо гэсэн улиг домог болсон үгс нь түүнийг улам бүр цөхрөнгөө барахад хүргэдэг байлаа.
Тэр эмч энэ онолыг ашиглаж түүнд зөвлөгөө өгсөн хэрэг байв.
С бүсгүй бол хэн ч харсан бусдаас онцгой юмыг тооцоолон боддог хүн биш байлаа. Үл ялиг өөрийнхөө эрх ашгийг бусдынхаас  дээгүүрт тавьдаг зантай бөгөөд эмч түүний энэ занг нь жаахан бататгаж, сайшаасан хэрэг билээ.
Хэлтсийн даргаа үзэн ядаж байгаа хэдий ч, яаж ч чадахгүй байгаа С-ийн сэтгэлд даргынхаа сул талыг өөрт ашигтайгаар ашиглаж чадаж байна гэсэн бодол төрсөнөөр харин ч дотор уужирч үгт өөр боллоо. Өөрийгөө хүнийг хэрхэн ашиглахаа мэддэг арга зальтай хүн гэж хүлээн зөвшөөрч, өөрийнхөө байр сууринаас  бүх юманд хандаад ирэхээр нэг л мэдэхэд ялагч болж чадсан байдаг юм. Ингэж бодож сэтгэж  чадваас үзэн ядах сэтгэлээр хамаг эрч хүч энергээ алдалгүйгээр өөртөө хамгийн ашигтай замыг  сонгож чаддаг болно.
С бүсгүй сайн дураараа ажлаасаа гарах юм уу удирдлагатайгаа муудалцаж хүч чадлаа барсанд орвол чимээгүйхэн, байдлыг ажиглах байр сууринд байж амжилт олох гэсэн замыг сонгосон юм.
Чамд ямар нэгэн буруу байхгүй байхад, чамайг зовоодог хүн байна уу? Арай холуур аваад үзэхэд тэд нар өөрсдийнхөө булшийг ухаж байгаа хэрэг юм. Хорвоо дээр дандаа хождог тоглоом бол “win-win” буюу хоёр тал хоёулаа хождог тоглоом байдаг. Зөвхөн өөрөө л хожихын төлөө юуг ч үл хайхран зүтгэгч хүн хэзээ нэгэн цагт хөлөг онгоц  далайд живэхийн адил мөхөж үгүй болдог билээ. Хорвоо ертөнц хэдийгээр бидний харахад шударга бус байдаг боловч бусдад дандаа муу үйл хийдэг хүн хэзээ ч ялагч болж чаддаггүй юм. Харин тэдгээр муу хүмүүсийн  гарт өртөлгүй өнгөрье гэвэл “тэдэнд чадуулж байна” гэсэн гутранги бодлоо хаях хэрэгтэй. Тэд уур хилэнгээсээ болж багтарч үхэх хүртэл та сэтгэл санааны хямралд оролгүй тайван байж тааламжтай цагийг хүлээх хэрэгтэй. Үгээр хэлэхэд амархан юм шиг боловч хүмүүсийн харилцааны гол шалгуур болсон энэхүү “хүлээлт”-ийг хүмүүс тэр бүр даван туулж чаддаггүй билээ.
“Би бол үнэг шиг арга зальтай хүн.” Энэ ганц үг л тэр хүлээлтийг даван туулах хүч болж өгдөг.
Дээр нь нэмж хэлэхэд би арга зальтай, юмыг дандаа тооцоолон боддог  гэдгээ бусдад хэлэх шаардлага байхгүй. Хүн бүрт байдаг төрөлхийн чанараа амьдрал дээр хэрэгжүүлж байгаагаа өөр бусад эсрэг үзэл бодолтой хүмүүст хэлж өөрийгөө эвэртэй туулай болгоод яахав дээ.

No comments:

Post a Comment