Monday, December 7, 2009

Зар сурталчилгаа хүн худалдаалах нөхцөлийг бүрдүүлж байна

-Манай улсад зар сурталчилгаанд хяналт тавих эрхзүйн орчин алга-

Монголчуудад хүний наймаа гэгч хол сонсогддог байсан цаг саяхан. Харин өнөөдөр энэ төрлийн бизнес монголд бодитоор бий болоод цэцэглэн хөгжиж байна. Тухайлбал, монгол охидыг Турк, Гонконг, Малайз, Сингапур, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао зэрэг орон руу худалдаалдаг бүлэглэл бодитоор бий болсон талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.


Энэ төрлийн гэмт хэрэг гарахад "Гадаадад ажил эрхлэхэд зуучилна, өндөр цалинтай ажилд оруулна, виз гаргаж өгнө, гадаадын иргэнтэй гэр бүл болгоно" гэсэн зар сурталчилгаа охид эмэгтэйчүүдийг худалдаалах, цаашлаад бэлгийн мөлжлөгөд ашиглахад нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Дээрх байдлаас болж хохирсон хохирогчтой уулзах боломж олдсон ч тэрбээр бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Харин хэн нэгэн эмэгтэй хүн өөртэй нь адилхан битгий болоосой гэсэндээ өөрт тохиолдсон явдлыг товчхон ярьж, түүнийг таних нэг үг, өгүүлбэр оруулахгүй байхыг биднээс хүсэв. Зөвшөөрсөн амлалт өгсний эцэст бүсгүй өөрийнхөө тухай ярилаа. Түүнийг Э гэдэг. Одоо 23 настай. Тэрбээр таван жилийн өмнө дунд сургуулиа төгсч, амьдралын босгоор алхан орсон ч ядуу тарчиг амьдрал, өнчин өрөөсөнгийн гайгаар их, дээд сургуульд элсэн орж чадаагүй аж. Ингээд тэрбээр мөрөөдлөө биелүүлж, багш болохын тулд ажил хийж эхэлсэн байна. Хагас жил гаруй хугацаанд кафед ажилласан ч олигтой мөнгө гэх юм хураасангүй. Өвчтэй ээжтэйгээ хоёулхнаа амьдрах тул хоол унд гээд хэцүү байсан гэнэ.

Залхсан Э удсан ч үгүй ажлаасаа гарч, өндөр цалинтай ажил хайж эхэлсэн байна. Ингээд "Царайлаг охидыг мэргэжил харгалзахгүй гадаад руу өндөр цалинтай ажилд зуучилна" гэсэн зарын дагуу хотын төвд байрлах нэгэн төв дээр очжээ. Тэнд Э-ийн үеийн 18-25 насны эмэгтэйчүүд цугласан байж. Гадаад, монгол нийлсэн хэдэн хүн тэднийг найрсгаар угтаж, "Гадаад паспорт бий юу, явах улсынхаа хэл соёлыг хэр түвшинд мэдэх вэ" гэх зэргээр асууж их л үнэмшилтэй байж. Өөрсдийгөө танилцуулсны дараа зуучлагчдын зүгээс охидод гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг болгож, явтлаа юу ч хэлэхгүй байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьсан байна. Эсэргүүцсэн охидыг сонгон шалгаруулалт гэгч зүйлээсээ хассан аж. Харин Э сонгон шалгаруулалтад тэнцэж, долоо хоногийн дараа явахаар болжээ. /явсан улсаа нууцлав/ Э очсон өдрөөсөө бэлгийн мөлжлөгөд өртөж, өдөр бүр зодуулж, нүдүүлэн зовсон байна. Хоёр ч удаа оргохыг оролдсон ч бүтэлгүйтэж, хэвтэрт ортлоо зодуулсан аж. Тэнд охидыг байнга харж, хянаж байдаг агаад охид хэзээ зодуулж, үйлээ эдлэх бол гэсэн мөнхийн айдастай амьдардаг байжээ.

Э тэнд хоёр жилийн турш тамын амьдралаар амьдарч, эцэст нь аз таарч зугтсан байна. Өвлийн хүйтэнд хөл нүцгэн, нимгэн цамцтай гүйж яваад ухаан алдсан түүнийг нэгэн сүмийнхэн олж, амийг нь аварчээ. Удаан хугацааны турш зодуурт өртөж байсан түүний хувьд эрүүл мэндээрээ асар их хохирч, эмчлүүлж байгаад эх орондоо эргэн ирсэн байна. "Их мөнгө олж, сайхан амьдрах мөрөөдөл нь түүнийг аймшигт хувь тавилан руу хөтөлнө гэж хөөрхий охин яаж санах билээ. Амар, хялбар юм шиг, гоё сайхан сонсогдох бүхэн ямар нэг муу зүйл рүү хүнийг хөтөлдөг юм байна. Инээсэн бүхэн найз биш гэдгийг санаж, охид маань над шиг байдалд бүү ороосой" гэж хүсч байгаагаа хэлээд уйлав. Түүнд ирээдүйгээ сайхнаар харж, алдсан алдаанаасаа суралцан сайхан амьдрахыг ерөөгөөд саллаа.

Түүнтэй уулзсаны дараа бид холбогдох газраар орж, зар сурталчилгааны хуулийн талаар тайлбар авсан юм. Уг нь хуулиараа бол "Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг Оюуны өмчийн улсын алба хэрэгжүүлнэ" гэж заажээ. Харин оюуны өмчийн газар болохоор манай хяналтын алба хяналт тавих боломж байхгүй. Бидний эрхлэх ажлын хүрээнд ч багтахгүй" гэсэн байна. Тус газрын хэлтсийн албаны даргаас энэ талаар асуухад "Манай байгууллага зард хяналт тавьдаггүй, зар нь хүний бусдад дамжуулж буй мэдээлэл учир Зар сурталчилгааны хуулийн 2.2-т зааснаар улс төр, шашин, сүм хийд, түүнчлэн худалдаа арилжаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл манайд хамаарахгүй, хяналт тавих ёсгүй. Манай байгууллага зөвхөн реклам, сурталчилгааны зохиогчийн эрх, патентын асуудлаар ажилладаг. Хуурамч зар сурталчилгааг шүүхийн байгууллага нь хянадаг байлгүй, бидэнд хамаагүй" гэсэн хариулт өгөв.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах, хувь хүн гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зэргийг хуулиар хориглож, хөдөлмөр эрхлэхэд зуучлах эрхийг байгууллагад өгснөөр эдгээр хууль бус зарууд нийтэд түгэх боломжгүй болох аж. Мөн тодорхой хууль тогтоомжоор зарим төрлийн мэдээлэл, сурталчилгааг хориглосон байдаг гэнэ. Өнөөгийн дагаж мөрдөж буй зар сурталчилгааны тухай хууль нь системчлэл муутай, ямар зар сурталчилгааг хориглох вэ, Ямар ерөнхий шаардлага тавигдах вэ гэдгийг сайтар зохицуулах хэрэгтэй. Мөн уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагыг зөв тогтоох шаардлагатай байгааг албаны эх сурвалж хэлж байлаа.

Харамсалтай нь 1990-ээд оны дунд үеэс манайд гараад байгаа хүний наймааны хэргүүдээс өнөөдөр гарын таван хуруунд багтах цөөн тооны хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байх юм.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete