Friday, December 11, 2009

Ямар цэцэг бэлэглэх вэ?




Хүн бүхэнд цэцэг бэлэглэх шаардлага зайлшгүй гардаг. Наад захын жишээ гэвэл, сургуулийн хүүхдүүд есөн сарын нэгэнд цэцгийн баглаа бариад сургууль руугаа явдаг шүү дээ. Ингээд бодохоор цэцэг бидний амьдралын салшгүй хэсэг байж, бид өөрсдөө цэцэг бэлэглэх “урлаг”-ийг төгс эзэмшдэг байх ёстой мэт. Гэвч яагаад ч юм бэ эсрэгээр болчихоод байдаг. Ялангуяа эрчүүд маань энэ тал дээр олон бэрхшээлтэй тулгардаг нь үнэн. Тэд цэцгийн баглаа бэлэглэхээс хаашаа ч бултаж чадахгүй гэдгээ ухаан санаагаараа мэдэрдэг бөгөөд худалдаж авсан баглаагаа “авч явахад амар болгох” зорилгоор гялгар цаас, уутаар “сайн далдалж” аваад эргэн тойрноо болгоомжтой харан “цөмийн зэвсэг” авч яваа мэтээр сэтгэлт бүсгүй рүүгээ гүйдэг. Цэцэг бэлэглэх асуудалд ийм байдлаар хэрхэвч хандаж болохгүй. Ихэнхи эмэгтэйчүүд бэлгэнд цэцэг авах дуртай байдгийг харгалзан үзсэн ч тэр эрчүүд цэцгийн баглааг дуулгавартай аялдан дагах “бууж өгөх”, “өвдөг сөгдөх”-ийн үндэс бус, харин хайртдаа баяр баясгалан бэлэглэнэ гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Ингээд хайрт ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ энэ Мартын 8 - аар таны барих цэцэг хамгийн сайхан нь байх болно гэдэгт бид итгэж байна.

Ингээд цэцгээ сонгоё
Цэцэг бэлэглэхэд заавал шалтгаан байх албагүй. Шалтгаангүй бэлэглэсэн цэцгийн баглаа гэнэтийн, сайхан бэлэг болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Эрт үеэс цэцгийн баглааны хэл үүссэн. Өөрөөр хэлбэл, таны бэлэглэсэн цэцгийн баглаа сэтгэл зүрхийг тань бүрэн илэрхийлж чаддаг гэсэн үг. Одоо харин энэ үггүй хэл хэрэглэгдэх нь ховор болжээ. Тиймээс, хэрэв хайртай хүн тань бэлэглэсэн цэцгийн утга санааг голчилж үздэггүй бол өөрт таалагдсан, шинэхэн, өнгө үзэмжтэй, тансаг үнэртэйг нь сонгоход болно. Гэхдээ хайрт тань ямар цэцэгт илүү дуртай болохыг мэддэг байх хэрэгтэй. Магадгүй тэрбээр “уламжлалт сарнай”-д дургүй, харин талын цэцгийг илүүд үздэг байж болох шүү дээ.
Хэрэв та урьд нь цэцэг өгч байсан туршлагатай, дуртай цэцгийг нь байнга бэлэглэдэг бол үүнээс татгалзахыг зөвлөе. Хэдий нэг төрлийн цэцэгт дуртай ч баяр болгоноор түүнийг нь бэлэглээд байвал аажимдаа уйдаж эхэлдэг. Танд орой бүр нэг л төрлийн хоол идүүлээд байвал ямар байх вэ? Түүнтэй адилхан цэцэг ч бас тийм “үйлчилгээ”-тэй. Бэлэглэх цэцгийнхээ ядаж өнгийг нь сольж байвал сайн. Уламжлал болсон улаан сарнайн оронд ягаан, цагаан гээд олон өнгөнөөс сонгож болно шүү дээ. Эсвэл гурван том цэцгийн оронд долоон жижиг цэцэг сонгох гэх мэт олон хувилбар байдаг. Хэрэв таны бүсгүй цэцэгт үнэхээр дуртай бол сарнайн оронд цахирмаа, сараана, эсвэл ямар нэгэн өвөрмөц бүтэцтэй цэцэг бэлэглэвэл дургүйцэхгүй болов уу. Бэлэглэх цэцгээ олон төрөл зүйл болгох нь улам сонирхол төрүүлдэг. Гэхдээ энэ өдөр заавал хайртай цэцгийг нь бэлэглээрэй.
Ингэснээр та түүнд ямар их хайртайгаа цэцгээр дамжуулан хэлж байна гэсэн үг. Цэцэг сонгож байхдаа баглаанд орох цэцгийн тоо сондгой байх ёстойг санаарай. Гэхдээ энэ тал дээр учиргүй санаа зовох шаардлагагүй. Цэцгийн дэлгүүрийн худалдагчаас тусламж хүсэхэд л аяндаа хэлээд өгнө шүү дээ. Харин таны гол анхаарах зүйл бол цэцгийн харагдах байдал юм. Дэлбээ нь урагдаж, сэмрээгүй, үзүүр нь шарлаж, үрчийгээгүй, ишийг нь тайрсан хэсэг харлаагүй эсэхийг сайн харах хэрэгтэй. Одоо сав, баглаа, боодлын талаар хэдэн үг дурдъя. Баглааг сайхан, зохицуулж боож чадвал ямар ч цэцэг сайхан харагддаг. Гэвч хэтэрхий “гял цал” боодол, тууз зэрэг нь эргээд цэцгээ гутаачих тал байдал. Баглаа, боодол нь цэцгийг тодотгож өгөх ёстой болохоос өнгө зүсийг нь дарж хэрхэвч болохгүй. Тиймээс эрээн мяраан цаасны оронд энгийн гялгар цаас сонгосон нь дээр. Боогоогүй цэцэг яг л та өөрөө түүсэн мэт илүү шинэхэн, сэтгэл хөдөлгөм харагддаг. Гэхдээ байнга баглаагүй цэцэг бэлэглээд байвал таныг баглаа, боодолд мөнгө, цагаа хэмнэсэн мэт сэтгэгдэл төрүүлж болох талтайг анхаараарай. Сайхан боосон цэцгийн баглааг сонгож болно.
Гэхдээ хайртай хүндээ ердийн нэг зүйл өгч байгаа юм шиг зүгээр л “Май!” гээд өгчихвөл хамаг зүйлийг баллаад хаячихна гэсэн үг. Цэцгийн баглааг өгөхдөө хайртай хүнтэйгээ уулзах үед /гудамжинд, гэртээ/ өгч болно. Харин ингэхдээ ядаж хоёр, гурван үг хэлэхийг хичээгээрэй. Энгийн хувилбар: “Үүнийг танд”. Бага зэргийн чихэнд чимэгтэй үг оруулаад “Энэ сайхан цэцгийн баглааг орчлонгийн хамгийн сайхан бүсгүйд зориулж байна” гэх мэтчилэн таны уран сэтгэмж мэдэх хэрэг. Цэцгийн баглаагаа хайрт тань шууд олж харах газар орхиж болно. Хэнээс өгч байгаагаа мэдэгдэхийг хүсвэл бяцхан захиа үлдээж, эсвэл нууцгай үлдэж болно. Хамгийн гол нь сэтгэлээ цэцгийн баглаагаар илэрхийлэхээс битгий ичээрэй. Хайртай хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан бэлэглэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр цагт үр дүн нь эргээд таныг баярлуулах нь гарцаагүй.
Цэцэг бүр өөрийн илэрхийлэлтэй бас хэлтэй. Харин та тэр тухай хэр мэдэх вэ?
Сарнай цэцэг 
хайр сэтгэлийг бэлгэддэг бол цоморлигоо нээгээгүй ганц ширхэг улаан сарнайг шинэхэн танилцсан бүсгүйдээ барьвал сэтгэлээ илчилж байгаагийг илэрхийлэл болдог ажээ.
Хонгорзулыг хамгийн дотно хүндээ барьдаг.
Астраг ихэвчлэн баяр ёслолын үед хэрэглэдэг.
Лилиг хуримын цэцэг хэмээдэг гэнэ.
Канног дотно хүндээ бэлэглэдэг байна.
Хар сарнай хамгийн ховор цэцэгт тооцогддог. Хамгийн хайртай хүндээ бэлэглэвэл зохимжтой.
Харин өнгөний хувьд 
Улаан – Хайр сэтгэлийн
Ягаан – Залуу насны
Шар – Түр зуурын салалт, сүй тавих
Ногоон – Эв найрамдлын
Нил ягаан - Үхэшгүй мөнх, үүрдийн сэтгэлийн
Цэнхэр - Үнэнч шударгын бэлгэдэл болдог бөгөөд эрэгтэй хүнд энэ өнгийн цэцэг бэлэглэх нь ухаалаг бүсгүйчүүдийн сонголт гэгддэг.
Харин цагаан цэцэг нь ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг.
Удахгүй энэ орчлонгийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн маань баяр болох нь. Та хаанаас түүндээ цэцгээ авахаа хараахан шийдээгүй л байна уу? Тэгвэл хамтдаа дэлгүүр хэсэцгээе. Санасныг бодвол нийслэл хот маань нэлээд хэдэн цэцгийн дэлгүүртэй юм.
“Green house” /317540/ цэцгийн дэлгүүрт солонгос сарнайг ширхэгийг нь 2200-2500 төгрөгөөр борлуулдаг аж. Солонгос хэмээн тодотгохын учир нь хятад сарнайг бодвол торгомсог, хатах нь удаан байдаг гэнэ. Сонгосон цэцгээ та 300-8000 төгрөгийн үнэтэй чимэглэлүүдээр гоёж, боолгож болох нь ээ. Цэцгийн баглааг өөрийн хүссэнээр хийлгэх боломжтойгоос гадна бэлэн баглаа худалдан авч болох юм байна. Таван ширхэгтэй гоёлын баглаа 14700-16200 төгрөгийн үнэтэй байна. Бэлэн болсон цэцгийн баглаандаа сэтгэлийн үгээ сийрүүлэн дагалдуулахыг хүсвэл 1000-3500 төгрөгийн ил захидлуудаас сонгоорой.
“Цэцэг” төвд байрлах “Сондор” цэцгийн дэлгүүрээс 5500-117000 төгрөгийн цэцгийн баглааг сонгож болно. Хэрэв та цэцгийн баглааны тухай мэдлэг муутай хэмээн өөрийгөө голдог бол “Сондор” дэлгүүрийнхний бэлтгэсэн каталогоос сонголтоо хийж болох юм. Нэгээс 99 ширхэгээр бэлтгэсэн уг каталог цаг завыг тань хэмнэх болов уу.
Хэрэв хямдхан цэцэг сонгохоор шийдсэн бол “Цэцэг” төвийн баруун талд байрлах “Rose flowers”дэлгүүрийг зорьж болох юм. “Rose flowers” дэлгүүрийнхэн сарнайгаа 800 төгрөгөөр худалдаалдаг бөгөөд 300-9500 төгрөгийн үнэтэй цэцгийн баглааг бэлтгэсэн байсан.
Гэр, ажилдаа ойрхон газраас цэцэг авахыг хүсч байвал 15-р хороолол болон засгийн газрын ордны хойно байрлах “Flora” цэцгийн дэлгүүрээр ч ороод гарч болно л доо. Эднийд сарнай 950, хонгорзул 1200 төгрөгийн ханштай. Мөн ширхэгийн тооноос хамааран 7500-13600 төгрөгийн үнэтэй бэлтгэсэн баглаануудаас сонгож болно.

No comments:

Post a Comment