Sunday, December 6, 2009

Бороо

Бороо шивэрнэ... Бороо шаагина... Богинохон даашинзны оготор хормойг салхи үлээж дэггүйтнэ. Нүцгэн шилбэ норно... Нүдэнд оч асах шиг, зүрхэнд гал цахилах шиг чамайг санана... Бороонд норсон уруулыг минь салхи л эгшээнэ... Бал эрсэн зөгий шиг, балга дарсанд шунах хүсэл шиг... "Энд" бороотой... Борооны нутаг-"энд" чи суудаг. Бусдаас огт өөр, хүүхэд шиг л гэнэн ааштай... Бас доогтой харц, ёжтой үгтэй... Бүр заримдаа чамайг үзэн ядмаар ч, үзэн ядах тусам зүрх улам хүчтэй цохилж... Бүүр ор тас чамайг мартмаар ч, тархи зүрхтэй мэт лугшиж...

Бороо шивэрнэ... Нүдээ анилаа. Бороон дуслууд уруулд ойртоно... Бороон дуслын чимээ сонсдоно. Бороо биш, чиний амьсгал байгаасай... Бодно, хүснэ. Бороо шаагина... Бүх биеийг минь шалба норгохоор айсуй... Аанай л, нүдээ анилаа. Шаагих чимээ улам тодорно... Шаналгам, хачин хүсэл ээрнэ... Бороо биш, чиний тэврэлт байгаасай... Үс илбэх энэ зөөлөн салхины урсгал... Нүдээ бүр тас анилаа... Чиний гар үсэнд минь зөөлөн хүрэх шиг... Би нүдээ нээхгүй ээ, бороо зогстол... Яг одоо чамайг санах шиг уйтай агаад гашуун зүйл алга... Бороо шивэрнэ... Бороо шаагина... Ахиад л шивэрнэ... Бүр алсаас цайран цайрсаар, цээжинд зүсэрч ирсэн энэ цагаан бороо... Бүжин зүрхний минь гүн рүү гижиг хүргэн цутгасан энэ цагаан бороо... чи минь....

No comments:

Post a Comment