Sunday, December 6, 2009

Тавилан...

Өвлийн тэр нэг өдөр нэгдүгээр курсын шинэхэн оюутан Чингүнжав хичээлдээ явахаар автобусанд чихэлдэн барин оров. Тэрээр мөнгөө өгчихөөд бага багаар урагшилсаар дунд хавьцаа очтол дунд хаалгаар дүрлийсэн тас хар нүдтэй, уртаа сормуус нь цантчихсан, ороолтоороо амаа битүү ороон нүүрээ далдалсан нэг охин түлхэгдсээр орж ирэв.
Орж ирэв үү үгүй юу тэндээс кондуктар
- Хүүе тэр дундуур орсон хүмүүс мөнгөө дамжуулчихаарай, бэлээхэн арын хаалга байхад худлаа дундуур дайраад мөнгөө төлөхгүй бултах санаатай байна уу, алив тэр цагаан ороолттой охин хурдал хурдал хэмээн хашгичина. Охин бушуухан хөнгөлөлтийн билетээ үзүүлээд цаашаа харан зогсов. Чингүнжав нүдээ салгаж чадахгүй хойноос нь харсаар. Тэр хөөрхөн торомгор нүд, цантаад хоорондоо нийлчихсэн сормуусыг дахиад хармаар...
Тэд явсаар нэг буудал дээр буухад Чингүнжав яагаад ч юм нэг сургууль биш байгаадаа хэмээн битүүхэндээ горьдтол тэрээ Кино урлагын дээд сургуулийг чиглэн явлаа. Чингүнжав хойноос нь дагаж явсаар ямар сургуульд сурдгийг нь мэдээд авсандаа олзуурхан бушуухан өөрөө хойшоо сургууль уруугаа гүйлээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа тааралдах гээд буудал дээр хүлээсэн боловч ер таарсангүй. Гэвч Чингүнжав цөхрөлтгүй хүлээсээр. Нэг их удалгүй хэддэх өдөр хэдэн цагт тардагыг нь мэддэг болов. Иймэрхүү байдалтай явсаар хавартаа золголоо. Нөгөө охин түүнийг анзаарч байгаа шинж алга. Эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлдаг байсан уу. Нэг өдөр хүн багатай таарав. Чингүнжав нөгөө охинхоо араас годхын харайн орж зэрэгцэн зогстол кондуктар тэндээс мөнгөө гэж шавдуулав. Тэрээр мөнгөө олсонгүй " Уг нь яахын аргагүй унааны мөнгө үлдээсэн юмсан, яачихсан юм болоо..." Кондуктар түүнийг элдэвээр хэлэн чирж буулгах юм болов. Тэгтэл нөгөө охин халаасаа уудлан өмнөөс нь мөнгийг нь төлөөд инээмсэглэхэд тэрээр ичиж үхэх гэж байсан ч зүрхэнд нь анхны хайрын оч сэмээрхэн харвасан юм. Дулаарсан болохоор ороолтоо битүү ороохоо больсон тэрээр тийм ч нүд алдам түүний бодож мөрөөдөж төсөөлж байсан шиг царайлаг биш боловч тэр хөөрхөн нүдэнд Чингүнжав татагдахгүй байж чадаагүй юм.
Үүнээс хойш Чингүнжав зориг гарган танилцаж боломж л гарвал хамтдаа байдаг байв. Уянга нэг их юм яриад байдаггүй, бас жаахан зожигдуу нэгэн болохыг Чингүнжав мэдлээ. Чингүнжав бол сайхан залуу, бие хаа, нуруу туруу тэгш, ямарч охины харцыг булаахаар царайлаг билээ. Арван жилд байхдаа олон охинтой үерхэж, олон ч охины зүрхийг шархлуулж явсан тэрээр нэг л өдөр ингээд энгийн нэгэн даруухан охинд ингэтлээ дурлана гэж бодсонгүй. Чингүнжав дандаа санаачлагыг гартаа авч элдэв янзын жижигхэн ч атугаа зүйлээр Уянгаагаа баярлуулахыг хичээнэ. Тэр хоёрын үерхэл нь улам гүнзгийрч асч байлаа. Тэрээр Уянгаагын яг юунд нь болсоноо мэдэхгүй ч түүнийг татах нэг увидас байна гэдгийг л мэднэ. Чингүнжав Уянгаатайгаа байхдаа бүхнээс жаргалтай болж, урд нь зөндөө сайхан охид, хүүхнүүдтэй үерхэж нөхөрлөж байсан ч тэдний хэнээс ч аваагүй тэр л гайхалтай мэдрэмжийг авдаг байв. Тэр хоёр төгсөөд хүүхэдтэй болно, хуримаа хийнэ гэж дандаа мөрөөдөнө. Хаа л явна хөтлөлцөөд явж харагдана. Чингүнжав их завсарлагааныхаа цагаар хайрынхаа сургууль уруу хар хурдаараа гүйн очиж хоёулаа хамтдаа хоолонд ордог байв. Уянгаад охидууд атаархаж Чингүнжавын халамжтай, үнэнчийг нь гайхан шагширна. Тэгтэл Чингүнжав 3 курсдээ шалгалт өгөөд тэнцсэн тул Солонгос улсруу сургуульд явахаар болов. Хоёулаа уйлан байж тавхан жил юу байхав хүлээгээрэй хайрт минь гээд эрдмийн их аянд нисэн одлоо

No comments:

Post a Comment