Wednesday, October 21, 2009

Хөлөө хэрхэн арчлах вэ

Танд хамгийн хэрэгтэй эрхтэний нэг ч хамгийн бага анхаарал хүртдэг нь хөл. Хөлөө зөв арчилж, амраахаас таны маргаашийн ажлын эрч хүч ч хамаардаг байна. Өдөржин алхаж, ядарсан хөлийг амраахын тулд ургамлын хандтай бүлээн усанд хэдэн минут байлгаж, угаахад хөл амрахаас гадна зөөлөрнө.

Угааж дэвтээсэн хөлийн улны хатуурсан хэсэг зөөлөрсөн бол зориулалтын хуурайгаар болгоомжтой үрнэ. Хэт их хуурайдсаны дараа хөлийн ул улам ширүүн болох магадлалтай учраас үрэлтээ хэт хэтрүүлэхгүй байх тал дээр анхаараарай. Улны хатуу хэсгийг багасгасныхаа дараа зориулалтын элстэй гуужуулагч буюу скрабаар цэвэрлээд бүлээн усаар угаана. Хөл тань яг л хүүхдийн арьс мэт зөөлрөх болно.

Дараа нь тэжээлийн тосоор иллэг хийхээ мартуузай. Хөлөнд иллэг хийхэд хөл тань амраад зогсохгүй бүх биеийн ядаргаа арилж, хөлийн арьс зөөлөрч чийгшинэ. Дулаахан ноосон оймс өмсөж хэсэг бигнэх нь урьд урьдын хийсэн арчилгааг улам сайжруулна. Эрчимт эмчилгээ л гэсэн үг. Мэдээж энэ үед хумсаа мартаж болохгүй.


Хөлийн хумсыг 3-4 долоо хоногт нэг удаа авч байх нь зүйтэй. Хөлийнхөө хумсыг тэгшхэн авах нь зохимжтой байдаг. Хумсны хоёр ирмэгт хэт дугуйлж авахаас зайлсхийгээрэй. Ингэвэл хумс шигдэх аюултай. Хумсаа зөөлөн хуурайгаар болгоомжтой хуурайдан өнгөлөгч хуурайгаар хумсны толины барзгарыг хуурайдаж зассаныхаа дараа өнгөлөгч лак түрхэх буюу өөрийн хүссэн өнгөөр эсвэл хамгаалагч, бэхжүүлэгч витаминтай лакаар будаарай. Хумсны тань мах сөрдийж илүү гарсан бол зөөлөвчтэй савх болон зориулалтын мах авагчаар авбал хумс тань цэвэрхэн харагдана. Үүний дараа таны биеийн алжаал ч тайлагдаж, сэтгэл санаа тань ч сэргэсэн байх болно.

No comments:

Post a Comment