Monday, October 19, 2009

Оюутнууд эрдмээр бус өвчнөөр биеэ чимж байна

Оюутнууд эрдмээр бус өвчнөөр биеэ чимж байна
Монгол Улсын ирээдүйн болсон оюутнууд орон сууцны хонгилд амьдарч байна. Хонгилд амьдрагсдын эрүүл мэнд, аюулгүй байдал, суралцах идэвх чармайлт гээд олон асуудлын тухай бид хөндөж ярих хэрэг гарна. Юутай ч өнөөдрийн байдлаар нийслэлд 140 мянган оюутан суралцаж байгаа. Үүнээс 52 мянга гаруй нь хөдөө орон нутгаас ирсэн байдаг. Ер нь дээд мэргэжил эзэмшихээр орон нутгаас зорьж ирсэн оюутнуудын хувьд намар сургуульдаа ирэхдээ хаана амьдрах вэ гэсэн бодол толгойг нь гашилгаж хамгийн хүндхэн асуудал болдог. Тэд намар оюутны байрныхаа хяналтын тоонд багтчих гээд нэлээд үзнэ. Харамсалтай нь анги ахих хэрээр дотуур байранд амьдрах эрх хязгаарлагддаг. Ингээд оюутнуудын нэг хэсэг нь танил талаа бараадан "айлын тогоо өнгийж", бэлтэй нэг нь орон сууц хөлсөлж, мөн хэсэг нь халаасны өрөөнд төвхнөнө.

Дээрх оюутнуудын хувьд суралцах боломж тийм ч муу биш. Харин үлдсэн хэсэг нь буюу амьдралын баталгаажих түвшинөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд орцны хонгил түрээслэн амьдарч сурч боловсрохоор зүтгэцгээнэ. Тэд ирээдүйгээ өнөөдрийн харанхуйгаар биш ирээдүйн гэрэл гэгээтэй сайхан амьдралаар төсөөлөн гүрийцгээнэ. Харин бид тэдний дээгүүр толгой хаян алхсаар л. Энэхүү хүнд нөхцөлд амьдарч буй оюутнууд эрүүл саруул идэвх зүтгэлтэй сурч , амьдарч чадаж байгаа болов уу гэсэн бодлоор тэдэнтэй уулзлаа.

Б.Өлзийсайхан: Гуравдахь жилдээ ингэж амьдарч байна
/МУБИС-ийн оюутан/

-Энд хэдэн жил амьдарч байгаа вэ. Оюутны байрандаа амьдрах боломж байгаагүй юу. Энд ямар ч агааргүй юм байна шүү дээ?
- Манай сургуулийн хувьд хоёрдугаар дамжаанаас дотуур байранд орох найдвар тасардаг. Жилд нэг ангид таван хүүхэ байранд оруулах эрх олгодог. Бид тэр хуваарь дээрээ азаа үзэж сугалаа сугалана даа. Би их азгүй юм шиг байгаа юм. Хоёр жил сугалаа сугалаад байхгүй шүү. Одоогоор дүүтэйгээ хамт орон сууцны хонгилд амьдарч байна. Энэ жил ээж аав байр хөлсөлж өгөх санаатай байсан. Гэтэл байрны үнэ маш өндөр болчихсон. Тэгээд л арай хямд зардалтайгаар нь хонгилдоо орлоо доо. Энэ жил гүрийчихвэл төгсөнө. Гурав дахь жилдээ амьдарч байна. Энд агаар орох ямар ч цонх байхгүй. Өглөө босохоор нүүр хавагначихсан босч ирдэг юм. Заримдаа толгой өвдөнө. Хонгилоос гараад хичээлдээ явах замдаа л агаараар нэг сайн амьсгална шүү дээ. Өвөл болохоор агаар биш утаагаар амьсгалаад байдаг юм. /инээв/

-Миний дүү ханиад хүрсэн юм уу. Их ханиалгах юм, эмчид үзүүлсэн үү, аль дүүрэгт харьяалагддаг вэ?
-Анхны жил энд амьдарч байхад гайгүй байсан. Өнгөрсөн жилээс биеийн эсэргүүцэл сулраад байгаа юм байлгүй дээ. Өвдөөд байдаг болчихсон. Энд амьдарч байгаа дүүрэгтээ харьяалагдах боломж байдаггүй юм. Тэгээд нэг хувийн эмнэлэгт үзүүлсэн. Сүрьеэгийн сорил тавиулаад, одоо эмчилгээ хийлгэж байгаа.

-Сүрьеэгээр өвдсөн юмуу, ямар эмнэлэгт эмчлүүлж байгаа вэ. Эмчтэй нь уулзаж болох уу?
-Уушигаар хатгуулж өвдөөд цусан судалтай цэр гараад байхаар нь " Үйлс" гэдэг хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч надаас өвчтөний асуумж аваад шинжилгээ хийсэн. Одоо гурван cap эм ууна. Хяналтад байгаа. Намайг эмчилж байгаа эмчтэй уулзаж болно оо.

Бид дээрх оюутныг эмчилж буй эмчтэй уулзахаар Боловсролын их сургуулийн өмнө байрлах "Үйлс" эмнэлгийг зорилоо.

Р.Баттөмөр: Хонгилд амьдрах нь эрүүл мэндэд маш мүү
/"Үйлс" эмнэлгийн их эмч/

-Орцны хонгилд нэлээдгүй оюутнууд амьдарч байна. Ийм орчин нь эрүүл мэндэд нь хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ, мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөөч?
-Орцны хонгилд амьдрах нь эрүүл мэндэд маш муу. Агааргүй чийгтэй газар нь нян үржих маш таатай орчин.

Ийм нөхцөлд нэгдүгээрт амьсгалын замын өвчнөөр өвчлөх магадлал өндөр. Цаашлаад архаг хурц үрэвсэлд ч хүрч болно. Уушигны сүрьеэ, арьсны идээт үрэвслүүд ч ийм орчинд үүсдэг юм шүү дээ. Агаар дутагдсанаас, арьсны нүх сүв бөглөрнө. Үүнээс үүдэж янз бүрийн харшил, бөөр давсагны өвчинд ч нэрвэгдэх нь бий. Мөн нүдний хараанд хүртэл сөргөөр нөлөөлдөг.

-Танай эмнэлэгт эмчлүүлж байгаа оюутны биеийн байдлын талаар мэдэж болох уу. Орон сууцны хонгилд гурав дахь жилдээ амьдарч байгаа гэсэн?
-Энэ хүүхэд өнгөрсөн сард манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Шинжилгээ хийлгээд уушигны сүреэгээр өвчилсөн нь тогтоогдсон. Одоо үечилсэн эмчилгээ хийлгэж байна. Өвчин үүссэн шалтгаан нь ойлгомжтой шүү дээ. Бохир, агааргүй орчинд удаан хугацаагаар амьдарснаас сүрьеэгээр өвчилсөн байгаа.

Энэ хүүхэд орцны хонгилд амьдарч байгаа оюутнуудын нэг төлөөлөл гэж ойлгож болно. Эрдмээр биеэ чимэхээр зүтгэж буй эдгээр оюутнуудад борог амьдрал нь өвчнөөр биеийг нь чимээд орхижээ. Тэдний хувьд ганц найдвар, хонгилын үзүүр дэх гэрэл нь Монголын оюутны холбоо. Бид энэ байгууллагын төлөөлөлтэй ч уулзлаа.

Н.Бямбагэрэл: Орцны хонгилд амьдарч байгаа оюутнууд хүнд амьдарч байна
/Монголын оюутны холбооны ажилтан/

-Энэ жил танай байгууллагад хандсан хэчнээн оюутны дотуур байрны асуудлыг шийдэж өгөв. Хонгилд амьдарч буй оюутнуудын талаар ямар арга хэмжээ авч байна?
-Монголын оюутны холбоо оюутнуудын эрх ашгийг хамгаалах төв байгууллага. Их дээд сургуулиуд оюутнуудыг байранд нь бүрэн хамруулж чадахгүй байгаагаас эрх ашиг нь маш их зөрчигдөж байна.
Тухайлбал орцны хонгилд амьдарч байна. Тэд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Энэ жил манай байгууллагад хандсан 150 гаруй оюутнаас 60 хүүхдийг дотуур байранд оруулж өгсөн. Зарим нэг оюутны тухайд холбогдох сургуулийн захиргаанд хандаж хүсэлт гаргаж хандсан байгаа. Ер нь дотуур байрны хүрэлцээ муугаас болж оюутнууд орц хонгил, халаасны өрөө түрээсэлж амьдардгаас сургуулиа төгсөхгүй орхих, ажил хийх гээд олон асуудал тулгарч байгаа. Бид БСШУЯ -ны сайдад дотуур байр бариулах тухай саналаа байнга тавьдаг. Одоогоор шийдэгдсэн юм алга байна даа.

No comments:

Post a Comment