Monday, October 19, 2009

Идлэг шонхрыг бөөцийлж эхэллээ

Идлэг шонхрыг бөөцийлж эхэллээ

Сүүлийн үед идлэг шонхрын тоо толгой цөөрлөө гэх асуудал Монголчуудын анхаарлын төвд байх нэгэн сэдэв болов. Харж хандах нэрийн дор хууль бусаар хил гарган борлуулдаг гадаадынхан, тэдэнд тусладаг Монгол иргэдийн сүлжээ бий болжээ. Шонхрын талаар энэ мэт бараан мэдээ сонсогдож байгаа ч гэрэл гэгээтэй зүйл ч байна. Энэ нь "Идлэг шонхор судлах, хамгаалах төсөл" юм. Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Англи болон Арабын нэгдсэн Эмират улсын байгаль орчны алба, манай улсын яам, агентлагууд хамтран уг төслийг хэрэгжүүлж байна.

Идлэг шонхор гадаадынхны нүдийг унагадаг. Учир нь далавчаа дэлгэхэд 115 см урт болдог аж. Мөн 840-1100 гр жинтэй, шонхор шувуудын дотроос хамгийн том биетэйд тооцогддог.

Шувууг хамгаалах төсөлд олон улсын судлаачдаас бүрдсэн баг ажиллаж байгаа аж. Шонхрын тоо толгой цөөрч байгаа олон шалтгаан бий. Үүнээс хүний буруутай, хууль бус үйл ажиллагаа хамгийн их нөлөөлдөг байна. Тухайлбал, иргэд шонхрын бэлчээр, амьдрах орчин нөхцөлийг алдагдуулдаг аж. Мөн хөдөө аж ахуйн салбарт хэрэглэж буй химийн бодис шонхрын идэш тэжээлийг хомсдуулдаг байна. Үүнээс гадна өндөр хүчдэлд цохиулах явдал түгээмэл. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд зэрлэг амьтны зүй бус худалдаанд идлэг шонхор өртөх нь эрс өссөн байна.

Таван жилийн өмнө Олон улсын байгаль хамгаалах холбооны "Улаан данс"-ны жагсаалтад идлэг шонхор "анхааралд өртөхөөргүй" гэсэн ангилалд байжээ. Гэтэл одоо "устах аюулд өртсөн" гэх жагсаалтад багтах хүртлээ цөөрсөн байна. Судалгаагаар сүүлийн жилүүдэд Төв Азийн зарим оронд шонхрын наймаа ямар ч хяналтгүй явагджээ. Энэ нь шувууг устах аюул руу түлхэж байна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн /CITES/ хоёрдугаар хавсралтад идлэг шонхор ордог. Иймд идлэг шонхор худалдаалах асуудал дээрх конвенциор зохицуулагддаг байна. Манай улс идлэг шонхрыг албан ёсны тусгай зөвшөөрлийн дагуу Ойрхи Дорнодын орнууд руу худалдаалах ёстой ганц орон аж. Харамсалтай нь манай улсад зэрлэг амьтдыг худалдах, түүнд тавих хяналтын систем хангалтгүйгээс идлэг шонхор цөөрөх гол шалтгаан болж байгаа аж. Гадаад руу ихэвчлэн залуу идлэг шонхор худалдаалдаг. Конвенцийн дагуу манай орон албан ёсоор 300 шонхор худалдаалах ёстой гэнэ. Гэвч энэ тоо үргэлж давж байна.

Иймээс дээрх төслөөр боломжтой орчин сонгон авч шонхрын хиймэл үүр байгуулах, ингэснээр гадагш гарсан шувуудыг нөхөх, Монголд хяналтын системт бий болгох юм.

Идлэг шонхор бусад шувууны зассан үүрэнд амьдардаг байна. Манай орны төв хэсгийн тал хээрийн бүсэд өмнө нь идлэг шонхор үүрлэж байгаагүй, үүрлэх нөхцөл муу байжээ. Харин одоо дээрх нутагт 300 гаруй хиймэл үүрийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд суурилуулсан байна. Гурван жилийн турш суурилуулсан дээрх хиймэл үүрний 12 хувьд нь идлэг шонхор үүрээ засчээ. Эдгээр үүрний давуу тал нь идлэг шонхор шууд үүрлэх боломжтой. Ирэх онд төвийн бүсийн 20 суманд махчин шувуудын үржлийг дэмжих зорилгоор нийт 5000 хиймэл үүр байрлуулах аж.

Хиймэл үүрэнд идлэг шонхор зургаа хүртлэх тооны өндөг гаргах боломжтой. Эдгээр үүрэнд торнисон ангаахайнууд шонхрын худалдаагаар экспортлогдсон шувуудыг нөхөх юм. Түүнээс гадна тухайн нутгийн мэрэгчдийн тоо толгойг зохицуулахад чухал нөлөөтэй аж. Үлийн цагаан оготно болон чичүүл зэрэг жижиг мэрэгчдийн тоо толгой хэт олширох нь бэлчээрт хөнөөл учруулдаг. Харин идлэг шонхор үлийн цагаан оготно, орог зусаг, огдой зэрэг жижиг мэрэгчдээр хооллодог байна. Хиймэл үүр төсөл амжилттай хэрэгжсэнээр 2015 он гэхэд 500 хос идлэг шонхроос 1500 ангаахай өсгөх боломжтой.

Хамгаалахгүй бол тоо толгой нь цөөрсөөр байгаа энэ шувуунд онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Одоогийн байдлаар тоо толгойн хувьд санаа зовоохооргүй байгаа ч хамгааллын асуудлыг ярихгүй бол эрчимтэй цөөрсөөр байна.

No comments:

Post a Comment