Wednesday, October 21, 2009

Эрээн тийш зүглэх хүн, машины тоо хоёр дахин нэмэгджээ

Н1N1-ийн халдварын тохиолдол манай улсад бүртгэгдэх, өвчтөнүүдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байхад яагаад Эрээн рүү зүглэх хүн, машины тоо ингэж нэмэгдсэнийг газар дээр нь очиж сураалжиллаа. Энэ талаар Эрээн рүү явж байгаа зорчигчдоос асуухад "Наймаа нь зогсчихвол амьдрал зогсоно шүү дээ" гэх хариултыг өгч байх юм. Ханиад халдчихвал тэрнээс дор юм болох биш үү гэвэл “Хүйтэн, халуун ямар ч үед гадаа гандаж, хөдөө хөхөр байж хэдэн төгрөг олдог бидний хувьд ханиад зэргийг тоохоо больсон шүү дээ" гэж зарим нэг нь хэлж байхад, "Одоо яая гэхэв дээ, өөр арга алга, үзээд л алдахаас" хэмээн зүтгэж яваа нь ч байна. Ерөнхийдөө бол гахайн ханиаднаас болоод хил хаагдаж магадгүй учир ийнхүү олноороо Эрээнийг зорьж байгаа нь тэр аж. Ганц нэг амны хаалт зүүснийг эс тооцвол урьдчилан сэргийлээд байгаа нь ажиглагдсангүй. Тэгээд ч гарах ээлжээ хүлээн буй зорчигчдын дотор ханиад (гахайн биш байх л даа) -тай хүн цөөнгүй нь энд тэнд бүгшүүлэх дуугаар мэдэгдэнэ. Харин галт тэрэг болон хил гаргаж өгдөг автобусан дотор ханиаднаас сэргийлэх тухай ухуулах хуудас, Эрээний пүүс компаниудын сурталчилгааны сонинтой хамт тарааж байна лээ. Хамгийн эхний автобус ердийн үед бол нэг цаг орчим шалгуулаад хил даадаг гэнэ. Энэ удаад бараг гурван цаг саатав. Гараа сайн угааж, усанд ойрхон орж, шим тэжээл сайтай хоол идэж байвал ханиаднаас сэргийлнэ хэмээн Эрүүл мэндийн яамныхан анхааруулж байсан. Харамсалтай нь, Эрээн тийш зүглэх наймаачдын хувьд ийм боломж дэндүү хомс бололтой. Жишээ нь нэг галт тэрэгний хоёр үзүүрт нэг нэг бие засах өрөө байдаг. Нэг нь галт тэрэгний үйлчлэгч нарт зориулагдах учир тэр болгон нээлттэй байх нь ховор. 60-80 хүн ганц 00-д гараа ойр ойрхон савандаж угаах боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Бидний явсан өдөр тэгэж таарсан уу яасан вагон ресторан нь ажилласангүй. Юун шим тэжээлтэй хоол. Бүтэн 16 цаг мацаг барих нь тэр. Өлссөн, ундаассан зорчигчид хилээр амжиж гарахын тулд яаран автобус унаанд сууна. Тэгээд хил хооронд бүтэн гурван цаг түгжигдэхээр юу болохов. Дандаа ийм байдаггүй л гэж сэтгэл засахаас өөр мэх үлдэхгүй. Уг нь нийслэлээс автобусны билетээ урьдчилан авдаг юм байна. Гэвч тэр нь Замын-Үүдэд очоод үндсэндээ замхарна. Яагаад гэхээр гаалийн гэх тодотголтой (Гаалийн дарга ийм машин байхгүй гэж олон удаа хэлэхийг сонссон) УА-З4-69 машинууд 50, 60-аараа цувралдан давхиж автобусны өмнүүр дайраад орчих юм. Нутгийнхан болохоор давуу эрхтэй байдаг бололтой юм. Хятадын хил дээр нэвтрэх хүн бүрийн дух руу улаан гэрэл тусгаад (халууныг нь үзэж буй нь тэр аж) гаргаж байна. Ганц нэг халуунтай хүн илэрч байна аа. Тэдгээр "азгүй" нөхөд гадаа гарч хэсэг сууж байгаад эргээд очихоор халуунгүй гардаг гэнэ. Яарч гүйхдээ халууцаад халуунтай гарчихдаг гэнэ. Амны хаалтны наймаачид л баяртай байгааг анзаарсан. Урьд нь 50 төгрөгийн үнэтэй байсан нэг удаагийн амны хаалт 200-300 төгрөг, даавуун бол 800-1000 төгрөг хүрчихэж. Хятадууд бол амны хаалтгүй хүн нэвтрүүлэхгүй гээд таван юаниар шахаж байна гэсэн. Гахайн ханиад гарсан гэх өмнөд хөршид нэг иймэрхүү л байдалтай. Зээл дээр бол тэр тухай мэдэрч байгаа шинж огт анзаарагдсангүй. 12 монгол хүүхэд өвдсөн гэлцэнэ. Дашрамд дурдахад Хөх хотод монгол хүүхдүүдэд зориулж байгуулагдсан хоёр хятад сургуулийн нэгд нь 300, нөгөөд нь 400 хүүхэд Монголоос очиж сурдаг гэнэ. Бас Бээжинд ийм сургууль хоёр байгуулагдсан бол Эрээнд хоёр, гурав байдаг аж. Бид чинь хаашаа л яваад байна даа. Нэг л өдөр бүгдээрээ хятад болчихсон байх юм биш биз.

No comments:

Post a Comment