Sunday, October 25, 2009

Эмгэнэлт жүжиг

Эцэс төгсгөлгүй хэрүүл харин ч нэг эхэлж байна. Сонгуульд нэр дэвших нь аль хэдийн тодорхой болсон хүмүүс сурталчилгаагаа түрүүлж эхлүүллээ гэж, тэр намайг гүтгэлээ, энэ намайг ингэж доромжиллоо гэсэн эцэс төгсгөлгүй хэрүүл өдөр бүр, өчигдөр ч тв-ийн мэдээнүүдээр гарч эхэллээ. Уланд гишгэгдсэн хууль угаасаа юу ч биш болж, төр барилцах гэж өөрийгөө би чадна, би шударга гэж хэлж байгаа
нөхдүүд нөгөө хуулиа хэдийн зөрчөөд аль гурав, дөрөвдүгээр сараас эхлээд л сурталчилгааны томоос том самбар өлгөж нэрээ цуурайтуулж эхэлсэн.

Голдуу захын хороололуудаар тэгж тавьсан нь бусад хүмүүс, өрсөлдөгчид, эсвэл СЕХ-хоныг тэрүүгээр явдаггүй гэж бодсоных ч юм шиг. Эсвэл тэр хавьд амьдарч байгаа хүмүүс мулгуу тэнэг, хаашаа ч хувирамтгай учраас эртнээс толгойг нь эргүүлж л байя гэсэн санаа аятай.
Ингээд тэрнээс хойш лав хэд хэдэн удаа асар майхан, цагаа хоолой, машин тэрэг болж сонгогч түмэнтэйгээ уулзсан, бас сурталчилгааны материал, сонин сэтгүүл, өөрийнхөө зурагтай цаг хэд хэдээрээ тараагдаад амжлаа. Тэрийг нь авах гэж хүмүүс улайрах... Тэрнээс хойш ихэнх айлууд нь хүний зурагтай цаг, өгсөн календарь хоёуланг нь хоймор ханандаа өлгөсөн харагдана лээ. Эвий дээ ард түмэн минь гэж хөөрхийлмөөр ч юм шиг, хатуугаар хэлэхэд ямар арчаагүй юм бэ, яг л хоол горьдож байгаа нохой шиг гээд загнаад хаячихмаар юм шиг.
Одоо бол бүр ширүүснэ. Урьдийнх шигээ сайхан сайхан амлалтууд хөвөрч өгнө биз. Өмнөх сонгуулиар яаж байлаа. Хотын хойд хэсгийн 73-р тойргоос сонгогдсон Ц.Батаа өөрийн дэлгүүрээсээ гурил, мах хямдхаан зарж олон хөгшдийн итгэлийг авч чадсан. Эмээгээ санал өгөх байранд дагуулж ороод асууж байгаад нэрийг нь дугуйлсан л даа. тэгэхэд "Батаа" гэж билээ, хөөрхий дөө эмээ минь. Тэгээд тэр эрхэм гишүүн болсныхоо дараа яалаа даа, хүмүүс бүгдээрээ мэднэ.
Тэрний өмнөх сонгуулиар Т.Очирхүү гишүүн гарч ирээд бас л ор сураггүй алга болоод Батаагийн сонгогдсон сонгуулиар нэр дэвшээ ч үгүй, төрсөн нутгаасаа дэвшээд сонгогдож билээ. Т.Очирхүү гишүүн манай тойрогт нэр дэвшиж байх тухайн үед бас л өмнө нь дэвшээд гарч ирж байсан тойргийнх нь ард иргэд "энэ хүн манайхаас сонгогдоод ор сураггүй алга болсон хүн, 73-р тойргийнхоон энэ хүнийг битгий сонгоорой" гэж телевизээр ярьж байсан нь сэтгэлд тов тодхон үлджээ. Ингээд энэ эрхэм гишүүн, миний мэдэхийн лав гурван өөр тойргоос сонгогдож чаджээ.
Бас миний санахаар телевизийн антенн тавьж суурилуулаад сонгуульд ялагдангуутаа антеннаа буцаад хураачихсан, хүүхдийн 10 мянган төгрөг батлагдахгүй бол, хэрвээ бид батлуулж чадахгүй бол би гишүүнээсээ огцорч чадна гэж ам бардам хэлж байсан, хур хогон дундуур туучиж, яг л жирийн ард иргэд шиг дунд нь холилдож ороод хог түүдэг хүмүүсийн иргэншил, бичиг баримтын талаар ширүүхэн ярьж, дэмжихээ амлаж байсан, үе үе хөгшдийг цуглуулж яриа хийсэн болж, ногоон цай, тамхи, халуун сав, аяга гээд билэг дэмбэрэлтэй болгоноор гарыг нь цайлгаж байсан гээд олон ший жүжиг бий. Тийм л юм бол сонгогдсон хойноо ядаж жилдээ энэ шигээ ганц ирээд урмын үгээ хайрлахгүй яасын. Сонгууль гэж, улс төр гэж нэг иймэрхүү эмгэнэлт жүжиг юм уу.
Энэ удаад бага л жүжиг тоглоосой. Эмээ шиг маань олон олон хөгшдийг битгий л хуураасай. Бас гурил будаа, махаар ядарсан хүмүүсээ битгий хуурч тохуурхаасай. Шударга байх сайхан ш дээ.

No comments:

Post a Comment