Tuesday, December 22, 2009

2009 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна

1. Оны луйвар

Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэсэн оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ

Үндэстнээ төлөөлөхөөр сонгогдсон эрх мэдэлтнүүд олон зуунаар өвлөгдсөн Оюутолгойгоо канадуудад зүгээр л бэлэглэчихлээ. Ашигт малтмалын тэр их нөөц үр хойчид нь ямар ирээдүй зэхсэнийг тооцоолох амин сүнс Техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, харийнханд зориулан хуулиа өөрчилж, монголчуудын эрх ашгийг уландаа гишгэснээс энэ бүхэн эхтэй.


Энэ оны аравдугаар сарын 6-нд саарал ордонд Төрийн дуулал эгшиглүүлэн сүр дуулиантайгаар баталсан Оюутолгойн гэрээг дэлхийн хэвлэлүүд “Бүтэн зургаан жил дарагдсан дэлхийн эрдэнэсийн сан сэрлээ” хэмээн мэдээлэв. Тэдний томъёолсноор урт хугацаанд хэдэн ч янзын үзгээр засварлуулсан энэ гэрээ монголчуудын үсрэнгүй хөгжилд хүрэх эхний өртөө.

Оюутолгойг уудлах зөвшөөрлийг Канадуудад олгосноос хойш хоёр сар илүү хугацаа өнгөрчээ. Энэ ордод хөрөнгө оруулах “Айвенхоу Майнз” компани “Албадмал туйлшралын шилдэг технологи “Зэвс”-ийг ашиглан Оюутолгой ордын нэмэгдэл нөөцийг илрүүллээ” хэмээн “Блүүмберг”-ээр энэ сард дуулиантайгаар зарлалаа. Үүгээр бол өмнийн говь дахь алт, зэсийн энэ том орд монголчууд бидний анх төсөөлснөөс хавьгүй олон жил ашиглагдаж, таамагласнаас их ашиг өгөх нь. Доктор С.Авирмэд “Гэрээ хүчин төгөлдөр бус учраас үзүүлэнгээс ялгаагүй. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж хийсэн гэрээ үндэслэлтэй байх учиргүй. Үндэслэлтэй гэж Засгийн газрын гурван сайд, “Айвенхоу майнз”-ын нөхөд яриад байгаагаас биш энэ гэрээ сонгодог утгаараа хүчин төгөлдөр биш. Гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа аравдугаар сарын зургаан ч биш. 100 орчим хуудас гэрээнд заасан олон арван заалт бүгдээрээ хэрэгжих боломжтой цагт л гэрээ хүчин төгөлдөр болно” гэсэн нь энэ гэрээ хэдийнэ луйвар болсныг нотоллоо.

ТЭЗҮ-гүй Оюутолгойн гэрээ батлагдсанаас хойш дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн ханш энэ сарын 20-нд 6900 доллар давсан бол өчигдөр Улаанбаатарын 17.08 цагийн байдлаар 6800 “ногоон” болсон байв. Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг Австрали, Канадын компаниудтай Монгол Улсын Засгийн газар ханцуйн дотроо тамгалсан аравдугаар сарын 6-ны өдөр энэ металлын ханш 6200 доллараас илүү гараагүй. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд үнэ хэдэнтэй өөрчлөгдөж, өдгөө савалгаа нь 600-700 доллараар хэмжигдэж байна. Хоёр сарын байтугай 20 жилийн үнийн давалгаа, түүнээс гарах эдийн засгийн өгөөжийг тодорхойлогч баримт бичгийг эх орных нь эздэд тодорхой болгохгүй байгааг луйвар гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах вэ.

Учир нь гэрээ батлагдсанаас хойш хоёр сар илүү хугацаа өнгөрсөн байтал ТЭЗҮ бэлэн болоогүй төдийгүй өнгөрсөн долоо хоногт Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд хангалтгүй дүн авчээ. Гэрээ батлагдахаас өмнө тооцоолж байсан хөрөнгө оруулалтын дүн ТЭЗҮ-д өөрчлөгдсөн байгаа зэргээр зөвлөлийн гишүүд хэт хариуцлагагүй, бас хэт их итгэлтэй байна гэж гэрээг хариуцагч талыг дүгнэсэн нь энэ бүхнийг бүр ч баталлаа.

Банкуудын дампуурал

Монголын хөрөнгийн биржид 40 гаруй тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалж амжсан “Анод” дампуурлаа зарлах нь гэсэн шуугиантай зэрэг шахам парламент Хадгаламжийн баталгааны хуулийг яаруу сандруу баталж орхисон. Спикерийн алх тасхийсний маргаашнаас банкны салбар дахь сайн дурын дампуурлын кампани эхэлсэн гэж болно. Төр нь даах юм чинь арилжааны банкууд хорголоо тоолсон хэмээн хөшиг хийж, бусдаас авсан хадгаламжаараа бизнесээ цааш үргэлжлүүлэх аянд мордсон хэрэг.

Санхүүгийн гүйлгээ хийх чадалгүй болсон “Анод” дампуурлаа зарлаж, Монголбанк татвар төлөгчдийн хөрөнгөөр хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгосноор олны хэл амнаас айсан УИХ энэ далимыг ашиглах гэсэн банкуудын санаа нэг мөр хэрэгжих үндэс батажсан билээ.

Нэгэн цагт зогсолтгүй эргэлдэж байсан “Зоос” банк сайн дурын дампуурлын кампанид нэгдэж, санхүүгийн зах зээлд “тормоз” авлаа. Ганц компанид 60 тэрбум төгрөгийн зээл олгоод эргүүлж төлүүлж чадаагүй нь тэдний буруу. Монголбанкны тэргүүн Л.Пүрэвдорж “Бид банкны салбар дахь хямралыг давж чадсан. Монголбанкны өмнө гаргасан алдааг давтахааргүй байх арга хэмжээг авч чадсан” хэмээн мэдэгдсэн. Төвбанкны зүгээс шаардлагатай зөв алхмуудыг хийж чадсан гэж эдийн засагчид Л.Пүрэвдоржийг үнэлж байгаа. Тэрээр өөрөө ч банкуудад байгаа иргэдийн хадгаламжийг эргэн төлсөн төсвийн хөрөнгийг дахин төвлөрүүлэх боломж байгааг баталдаг.

Төрийн мөнгөний бодлогыг эхнээс нь бэлэн хандив тарааж, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургах замаар банкинд эргэлдэх төгрөгийн хэмжээг нэмэгдүүлэн инфляцид багагүй дэмжлэг үзүүлсэн нь парламент. Монголбанкны тэргүүнийг муу ажиллалаа гээд огцруулж болдог, харин үндсийг нь тавьсан эзэдтэй хариуцлага тооцдог механизм хаана байна вэ.

УИХ-аас 76 тэрбумтан төрлөө

УИХ-ын гишүүд тойрог бүртээ хуваарилан авсан тус бүрийн 500 сая төгрөгөө орон нутаг дахь цэцэрлэг, зам талбай, ноос ноолуурын салбарт зарцуулсан хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэж байна.

Уг нь жил бүрийн төсөв хэлэлцэхийн өмнө урьд оных нь төсөв хэрхэн зарцуулагдсаныг хянадаг журамтай. Гэтэл 500 сая төгрөг үнэхээр цэцэрлэг, сургуулийг тохижуулсан эсэхийг хөдөлшгүй баримтаар олон нийтэд тайлагнаагүй УИХ-ын гишүүд одоо нэг тэрбум төгрөгөөр төсвөө зузаатгаж чадлаа. 500 саяынхаа тайланг гаргаж өгөхгүй байгаа УИХ-ын гишүүд нэг тэрбумыг хэрхэн үрэн таран хийснээ хэнд, хэзээ тайлагнах бол.

2. Оны хуйвалдаан

-Ерөнхийлөгчийн сонгууль

-Хамтарсан Засгийн газар

-Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль

3. Оны гамшиг

-H1N1 буюу томуугийн цар тахал

-Үер, усны аюул

-Утаа, агаарын бохирдол

4. Оны горьдлого

-Эх орны хишиг

-Ц.Элбэгдоржийн олон амлалт

-Оюутолгойн хувь

5. Оны ялалт

-Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын ялалт

-ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг ОХУ-ын Москва хотноо болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртэв

-Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын хамгийн залуу гавьяат Н.Төгсцогтын ялалт

No comments:

Post a Comment