Wednesday, October 21, 2009

Сөнөсөн тэнгис

Газар дундад тэнгисийн зүүн эрэг, Эль Горын нам хөндийд дэлхийд хамгийн алдартай тэнгис болох Сөнөсөн тэнгис гэж бий. Тэнгисийн нэр үнэн байдалтай зарим талаар нийцдэг. Тэнгисийн ус үнэхээр амьгүй ажээ. Тэнд загас жараахай ч байдаггүй, ямар нэгэн ургамал ургадаггүй байна. Нугас ч усанд нь хөвдөггүй гэнэ.



Тэнгисийн усанд байх давсны хэмжээ далайн усанд байдгаас бараг 10 дахин их буюу 1 литр усанд нь 340 гр давс байдаг. Хэрэв нууранд цутгадаг Иордан голоос загас санамсаргүй байдлаар орж ирэх юм бол бөөн давс залгиад тэр дороо үхдэг.
Уртаашаа 67 км, өргөөшөө 18 км хэмжээтэй байдгаас тэнгис гэж хэлэхэд хэцүү. Ус нь яагаад ийм их давстай байдаг нь ойлгомжтой. Иордан болон түүнд цутгадаг хэд хэдэн голууд хэдэн мянган жилийн турш энэхүү гадагш урсгалгүй тогтмол нуурыг усаар хангаж билээ.

Усных нь зарим хэсэг тул давс нь хуримтлагдсаар байгаа юм. Тийм болохоор одоо маш нягт давсан дээр хэвтээд нуурын мандалд хэвтээд ном уншиж ч болохоор болжээ. Гэвч ердийн байдлаар нуурын усанд орж болохгүй.
Шумбаж, сэлж ч болохооргүй гүехэн аж. Гэвч арьсны элдэв өвчнүүд болон бусад олон өвчнийг анагаах үйлчилгээтэй ажээ.
Сөнөсөн тэнгисийн эрэг орчим бол манай гаригийн хамгийн нам дор газар бөгөөд далайн түвшнээс доош 395 м-т оршино. Өнгөрсөн үед тэнгисийн ус одоогийнхоос хавьгүй их байжээ. Эль-Горын хотгорын хажуу хавиргад хуримтлагдсан тэнгисийн хурдас чулуулаг үүнийг гэрчилдэг.
Цаг уур улам халуун болохын хэрээр ууршилт хүчтэй явагдаж тэнгисийн усны түвшин багассаар харин эсрэгээр давсны хэмжээ нь нэмэгдсэн байна. Үүнд нь Сөнөсөн тэнгисийн өмнөд эрэг дээрх халуун рашаанууд ч нөлөөлсөн байна.
Маш их давстай нуурын гадаргууг нуур гэж хэлэхэд хэцүү болжээ. Хэсэг хэсэг газартаа цайвар шаргал давсны хэлтэрхийнүүд бүхий тос шиг зунгааралдсан шингэнийг хараад умбаж шумбах хүсэл огтхон ч төрөхгүй байх. Тийм болохоор Сөнөсөн тэнгист сэлж шумбах нь сонин хачин гэрэл зураг сонирхогчид болон арьс өнгөний эмч нарын зөвлөснөөр ирсэн хүмүүс л хааяадаа шумбаж байдаг. Нуурын усны анагаах чадварын талаар эрт дээр үеэс хүмүүс мэддэг байжээ.

Библийн хаан Аугаа их Ирод Сөнөсөн тэнгисийн усаар эмчлүүлж байсан гэдэг. Одоо бол иймэрхүү засал эмчилгээ ихээхэн хөгжиж дэлхийн өнцөг булан бүрээс ирж ус болон шавраар нь эмчлүүлэх гэсэн хүмүүсийг хүлээн авч үйлчлэх газрууд олон болжээ.
Нуурын ёроолд байх зарим нэг төрлийн нянгууд нь эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Нөгөө Есүс Христосын загалмайлуулж усанд орсон гэдэг Иордан гол Сөнөсөн тэнгист цутгадаг тул нуурын тэр хэсгийн ус арай цэнгэг буюу 1 литр усандаа 240 гр орчим давстай байдаг. Цаашаа давсных нь хэмжээ нэмэгдэж урд хэсгээрээ хатсан газраараа давсан баганууд үүссэн байдаг.
Тэдгээр нь элдэв сонин хэлбэртэй бөгөөд тэдгээрийн нэг нь нөмрөг нөмөрсөн эмэгтэй хүнтэй төстэй байдаг нь Библийн нэгэн домогтой холбоотой ажээ. Түүнийг *Лотагийн эхнэр* гэдэг.
Домгоор бол нүглийн шалбаагт хутгалдсан Содом, Гомору нарыг шийтгэх гэсэн Бурхан энэ тухайгаа Лотад сануулахад тэр эхнэрээ дагуулан амжиж зугтсан гэдэг. Гэтэл эхнэр нь бурхны хориог үл тоон зугтахдаа төрсөн газар луугаа эргэж хараад давсан багана болон хувирчээ.
Сөнөсөн тэнгисийн эрэг дээрх олон зүйлүүд энэ мэтчлэн Библийн үеийн үйл явдлуудыг санагдуулдаг байна. Тухайлбал Эль Лисанын хойгийн эсрэг өндөр хадан цохион дээр байдаг Иродын үед баригдсан Мецадын цайз, Ариун Иордан, 2000 жилийн тэртээх үйл явдлуудын талаар өгүүлсэн эртний гар бичмэл саяхан олдсон Кумраны агуй зэрэг юм.
Гэвч эндхийн хамгийн гайхалтай зүйлүүд бол Христийн, Исламын, Еврейн гэсэн 3 шашны төв болж ирсэн Йерусалим хот билээ. Сөнөсөн тэнгисээс 20-иод км зайтай, Иудей уулын бэлд орших энэ хот Голгоф уул, Ертөнцийн эзний шарилын сүм, Гефсамийн цэцэрлэг болон Мухаммедийн Аллах тэнгэрт хандан залбирсан Мориа уулан дээрх Куббат-Ас-Сахрын сүм зэрэг түүхэн дурсгалт газруудыг хадгалан иржээ.
Хотын төвд алдарт Цаазын хана хэрэм байдаг нь еврейчүүдийг хэрцгийгээр хядсан Ромын эзэн хаан Титагийн үеэс үлдсэн цорын ганц дурсгал ажээ. Одоо тэр газар бол тэрхүү эртний ард түмний үр сад ирж гашуудан мөргөдөг газар болсон байна.
Сөнөсөн тэнгисийн баруун урд талаас Негев гэдэг цөл тулсан байдаг нь алдарт Соломоны баганууд бүхий Тимний үндэсний цэцэрлэгт хүрээлэн билээ. Энэхүү гайхамшигт хавцалд салхи борооны нөлөөгөөр 50 м хүртэл өндөртэй гайхалтай сонин шохойн чулуун хадан цохионууд үүсчээ. Тэдгээрээс холгүй эртний уурхай байдаг нь Соломон хааны үед зэсийн хүдэр олборлож байсан гэдэг.
Бас нэгэн үзэсгэлэнтэй газар байдаг нь Эйн-Авдатын баянбүрд юм. Цөлийн яг төвд байх энэ газар нь гайхалтай хүрхрээнүүд, агуйнууд, нууруудаараа алдартай.
Амьтан ургамлын хувьд цөөн зүйлүүд байснаас ихэнх нь устаж үгүй болжээ. Учир нь эрт үеэс Газар дундын тэнгисийн зүүн эрэг хавьд ургаж байсан ой моддыг хүмүүс байшин барилга, усан онгоц хийх түлш зэрэг ашигласаар үгүй болгожээ. Өөрөөр хэлбэл эндхийн цөлжсөн нь цэвэр хүний үйл ажиллагаанаас болсон юм.
Нэгэнт үйлдсэн муу хэргээ залруулах гэж үр сад нь арга хэмжээ авч байгаагаас зөвхөн Израйльд гэхэд сүүлийн 50 жилийн дотор 50 сая мод суулгасан байна. Гэвч өмнө нь байсан шиг их ойг сэргээхэд дахиад хэдэн зуун жил шаардлагатай ажээ.
Эмчилгээний ус шавраас нь гадна нуурын өөр нэг баялаг нь калийн давс, асфальт юм. Тэдгээрийг эртний финик, Ромын эзэнт улсын үеэс олборлож, хөлөг онгоцоо шавахад ашигладаг байжээ.

No comments:

Post a Comment