Monday, November 23, 2009

hehe

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (төгсгөлийн хэсэг)
Чөлөөт цаг | 2009 / 11 / 23
26-р бүлэг
Ханболд ятгасаар байгаад Соёлоог дагуулан аав ээж дээр нь зусланруу нь хамт явлаа. Удахгүй зуслан орох дөхөөд, гол явж ганц нэг юм угаая хэмээн гэрийнхэн ярилцаж байтал тэр хоёр очсон байжээ. Соёлоогийн ээж Ханболдыг хараад хөөр баяр дүүрэн болж мэнд усаа мэдэлцэн, Ханболд зориуд авч ирсэн бэлэг сэлтээ өгөн ээж хүү хоёр шиг л сууцгаана. Ээ хэлээд ирэхгүй манай энэ Соёлоо юу хэмээн ээж нь шогшрон, гал түлж шинэ цай хэмээн сүйд майд болов. Харин аав нь төдийлөн нүүр өгөх янзгүй тамхиа баагиулан, за хүү хаагуур сурч байгаад ирэв дээ хэмээн ёжлонгуй гэгч нь өгүүллээ.


Соёлоог гэрийн гадаа сүүдэрт сууж байхад Ханболд хойноос нь хөлсөө арчсаар гарч ирлээ, аавын шалгалтыг сандарч байж давлаа шүү хэмээн үглэсээр ирэх түүнийг хараад Соёлоогийн инээд хүрч элгээ хөштөл инээж орхив. Болж, өглөө их маяглаад хувцас сольж өмсөөд байсан юм, ингэж хөлсөө асгаруулах гээд л маяглаад байсан юм байгаа биз.

Тэр өдрөөс хойш Соёлоо Ханболд хоёр бие биенийхээ гэрээр ирэн очин амьдарсаар. Ханболдын өндөр настай ээж нь Соёлоог хараад бөөн баяр болж аль хэдийн бэр охинд тооцох болжээ. Ханболд нэг сар орчим амраад, удалгүй нэгэн яаманд ажилд орж, Соёлоотой хамт шинэ ажлын амжилтын төлөө хундага өргөн хэсэг найз нөхдийн хамтаар баярлаж амжсан байв. Удалгүй намрын шар өдрүүд эхлэж Соёлоо өөрийн ажлдаа шамдан, урсан өнгөрөх цаг хугацааг анзаарахыг ч хүссэнгүй ээ. Хааяа нэг Төгөлдөрийн тухай бодох боловч, өөрийгөө хүчлэн цааш элдвийг лавшруулан бодохоо зогсоож орхино. Тэгээд ч хажууд нь байнга Ханболд байж элдвийг бодох завдал ч үгүй байлаа. Нэг л мэдэхэд зургаан сар гаруй хугацаа өнгөрчээ. Ханболд тэр хоёр байр худалдан авч тусдаа гарахаар шийдэн, энд тэнд очин байр сонгон үнэ хаялцсаар бараг нэг сарыг өнгөрөөхөө шахав.Сүүлдээ ч бүүр ахин дахин явахаас залхах тийшээ хандаж байтал ашгүй аль алины сэтгэлд нийцсэн, үнэ нь боломжийн байр тааралдсанд туйлын их олзууран баярлаж, худалдан авахаар шийдээд Ханболдынх руу явж байлаа.

Хэдхэн өдрийн дараа нь байрныхаа ордероо авч бөөн баяр болон, найзуудаасаа тусдаа сэмээрхэн баяр хийе хэмээн хөтлөлцөн алхсаар, орох дуртай амттай хоолтой ресторанруу орохоор завдан дэргэд нь иртэл гэнэт Ханболд зогтусан зогсоход Соёлоо гайхан Ханболдруу харлаа. Ханболдын дийлсэн гайхуулсан, бардам мэт харцыг хараад тэр зүгт нь толгой эргүүлтэл, бас л тэр хоёрыг хараад зог туссан Төгөлдөр Уянгаа хоёрыг олж харлаа.

Төгөлдөр…Урдын адил төлөв түвшин, даруу зантайг илтгэсэн тайван амгалан царайтай тэрээр нэг гараараа Уянгааг түшин явж байлаа. Төгөлдөр Соёлоо хоёр өөрийн эрхгүй бие биеэ эгцлэн ширтэв. Ханболдын гарт атгуулсан Соёлоогийн гар жирсхийх мэт болсон нь тас атгасан Ханболдод мэдрэгдлээ. Ханболд Соёлоогийн гарыг атгасан хэвээрээ үг дуугүй рестораны хаалгыг зүглэн алхлав. Харин Соёлоог ширтэх Уянгаагийн харц нь зөөлөрч, найрсаг ч гэмээр болсон байгааг Соёлоо харж амжлаа. Уянгаагийн гэдэс нь үл ялиг томорч 3-4 сартай болов уу гэж багцаалдахаар жирэмсэн харагдаж байгаа нь өөрт нь тун ч их зохисон харагдаж байлаа. Ердөө дөрөвхөн сартай байна шүү дээ… Уянгаа хайртай хүнийхээ үрийг хэвлийдээ тээж баяр жаргал, итгэл найдвар, ирээйдүй гэрэлтэн гялалзсан нүдээр Соёлоог миний гэдсийг хараачээ гэсэн харцаар ширтэж байлаа.

Тэдний хэн нь хэнтэйгээ ч дуугарсангүй ээ. Төгөлдөр Уянгаагийн гарын зөөлөн түшсэн хэвээрээ зөрөн өнгөрөхөд Соёлоо өөрийн эрхгүй эргэн харлаа. Харин Төгөлдөр түүнийг л хүлээж байсан мэт өөдөөс нь зөөлөн инээмсэглээд, алгуурхан гэгч нь зөрөн өнгөрөн оджээ. Энэ инээмсэглэл урд нь Соёлоогийн гэрийг нь олохоор хаа байсан зусланд нь ирчихээд, түүнтэй цуг уулын оройд хамтдаа гарч инээмсэглэж байсан элгэмсэг, дотно бас хайр нэвт шингэсэн танил инээмсэглэл мөн байгааг Соёлоо зүрхээрээ мэдэрчээ. Бас сэтгэл нь амрах мэт санагдав. Удахгүй Ханболд тэр хоёр тусдаа гарч байрандаа орно, Төгөлдөрийн анхны хүүхэд нь ч бас төрөх нь. Гэхдээ дотоод сэтгэлдээ бие биеэ мартахгүй дурсан санаж, тэр дурсамж нь гэгээхэн бас дулаахан хайрын мэдрэмжийг мэдрүүлсээр байх болно гэдгийг хэн хэн нь харцаараа ярилцан ойлголцсон байлаа.

Ханболд ширээнд тухлан суугаад, Соёлоог эгцлэн удаан ширтлээ. Яасан бэ. Зүгээрээ, зүгээр л хармаар санагдаад. Соёлоо чиний нэр чинь хүртэл дуудахад хөөрхөн энхрий нэр шүү. Ай даа Соёлоо гэж сайхан нэр шүү… Соёлоо давхийн цочин Ханболдруу дүрлийн ширтлээ. Ханболд түүнийг анзаарсан шинжгүй гарыг нь зөөлөн илбэсээр. Соёлоогийн дотор уужран уртаар амьсгал авч, инээмсэглэн Ханболдруу харлаа. Тиймээ тэр энэ сонголтондоо харамссангүй ээ, зүүдний тэр нэгэн учрал нь зөвхөн Ханболдыг нь эргүүлэн дуудсан ч юм бил үү…

No comments:

Post a Comment