Monday, November 23, 2009

Үсний өнгө, будалт

Гоо сайхан Үсний өнгө, будалт
Эмэгтэй хүний хувьд үс будахыг байж боломгүй зүйл гэж үздэг байсан тэр цагийг төсөөлөх аргагүй юм. Аз болоход өнөө үед энэ бүхэн улиран өнгөрч, та өөрийн үсээр янз бүрийн өнгө хэлбэр донжтой болгон туршилт хийх боломжтой болжээ. Одоо танд хамгийн чухал нь өнгөний сонголтоо зөв хийх л үлдэж.



Зөв сонгосон өнгө таны нүүр царай, дүр төрхөд чинь илүү зохино гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны үүрийг сэргээж, нүдийг тань илүү хурц болгож, гаднах төрхөд тань өнгө үзэмж нэмэх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд танд зөвхөн ямар өнгө илүү сайн тохирхыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та өдрийн тод гэрэлд толины өмнө суугаад өөрийгөө сайтар ажигла.

Үснийхээ өнгийг тодорхойлохын тулд эхлээд нүүрний хэлбэрээ сайн анхаараарай. Учир нь цайвар өнгө нүүрийг өргөн харагдуулж, бараан өнгө нүүрний хэлбэрийг нарийн, зууван харагдуулна.

Эхлээд та нүүрнийхээ өнгийг анхаар.

Нүүрний өнгө нь ягаавтар, улаандуу өнгөтэй эмэгтэйд дундын өнгө зохино. Ийм царайтай эмэгтэйд улаан шар өнгө огт зохихгүй. Учир нь улаан шар өнгө нь улаан болон шар өнгийг агуулдаг.
Хэрэв эмэгтэй та цайвар өнгийн нүүртэй бол танд бараг бүх төрлийн өнгө зохино. Иймээс та өөрийн сонголтдоо нийцүүлэх хэрэгтэй.
Шаравтар буюу лааны тосон өнгийн нүүртэй бол та үсээ бараан өнгөөр будвал зохино. Мөн сонгомол элгэн хүрэн өнгө танд бас зохино. Ийм өнгө нь нүүрний шаравтар өнгийг дарж, цайруулж өгдөг.
Үсээ будахад анхаарах зүйл:

Мэдээж хэрэг хэрэв та өөрөө үсээ будвал мэргэжлийн хүн шиг будаж чадахгүй. Гэхдээ зарим үед өөрөө будахаас өөр өргө байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд та юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Та үсний будаг авч, өнгө сонгохдоо хэсэг үсэнд түрхсэн будгийн өнгийг анхаар. Будагны хайрцган дээрх өнгө зарим тохиолдолд таардаггүй гэдгийг сана. Тэгээд ч үсний өнгөө хүссэн өнгөнөөс бараан болгохоос урьдчилан сэргийлж арай гэрэлтэй өнгийг сонго.
Нэг хайрцаг будаг дунд зэргийн урттай үсэнд хүрэлцэхээр тооцоолсон байдаг. Хэрэв та урт үстэй бол хоёр хайрцаг будаг авсан нь дээр.
Будагийг хэрхэн хэрэглэх зааврыг бүрэн уншиж,үг бүрчлэн ойлгосныхоо дараа үсээ будаж эхлэнэ. Ямар нэгэн зүйл ойлгогдохгүй байвал хүгээс асууж болно.
Гарныхаа арьсыг будаг болгохгүйн тулд заавал зориулалтын бээлий өмсөөрэй. Мөн будаг нүүрний арьсанд хүрэхээс болгоомжлох үүднээс дух болон хоёр чихний орчим арьсанд вазелин эсвэл нэлээд өтгөн тос түрхээрэй.
Будагны бүх хольцыг хольж хутгасны дараа үсээ будах хэрэтэй. Сайн хольж хутгаагүй будаг үсэнд өнгө оруулдаггүй тал бий.
Хэрэв та үснийхээ өнгийг анх удаа сольж будаж байгаа бол юуны өмнө үснийхээ уганд будаг түрхэнэ. Дараа нь үзүүр хэсгийг будна. Будахдаа ар дагзнаас эхлэнэ.
Урт үс богино үсийг бодвол амархан будаг авдаг. Мөн будахад ч амар байдаг.
Хэрэв та хэзээ нэгэн цагт үснийхээ өнгийг үндсэн өнгөнд буцааж оруулах болвол эхлээд та үсээ бага зэрэг ургуулах хэрэгтэй. Ингээд угнаасаа ургасан үснийхээ өнгө нь ямар байхыг ажиглаж байгаад будах өнгө, будах эсэхээ тохируулдаг байна.
Үсэнд арчилгаа хэрэгтэй:

Үсээ будаснаас хойш эхний хоёр долоо хоногт үсээ нарны хурц туянаас аль болох хамгаалах хэрэгтэй. Мөн аль болох үсээ далайн болон хлорлог усаар угаахгүй байх нь зүйтэй шүү. Учир нь дөнгөж будсан үс давслаг орчинд нилээд эмзэг байдаг.
Үсээ угаахын тулд болж өгвөл будагтай үсэнд зохиулсан шампунь хэрэглэх нь зүгээр. Ийм шампунь нь үсний гэмтсэн хэсгийг сэргээж, будагийг удаан байлгадаг. Үсэндээ тэжээлийн тос түрхэж бай. Үсээ угаасны дараа мушгиж болохгүй. Мөн нойтон дээр нь самнаж болохгүй. Үсээ хатаахдаа хуурай алчуураар арчиж, усыг нь авах маягаар хатаана.
Үсээ хатаахдаа ердийн арга хэрэглэвэл зүгээр, харин үс хатаагч хэрэглэх болбол хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй. Хэрэв танд халуун агаараар маш богино хугацаанд хатаах хэрэг гарвал үсэндээ хамгаалах хэрэгсэл үрхэнэ.
Орчин үед гоо сайхны үйлдвэрлэл бидэнд үсний үндсэн тогтвортой, суурь гэсэн хоёр төрлийн будгийг санал болгож байна. Суурь өнгийн будаг маш олон янз байдаг. Тухайлбал тушь, бальзам, зөөлөн үсэнд зориулсан хөөс гэх мэт. Гэхдээ эдгээр төрөлд нэгдмэл зүйл олон бий. Үүнд:

Эцэстээ эдгээр нь үсээ угаахад л арилдаг. Гэхдээ энэ бүлэгт хамаардаг будаг нь нэг үндсэн үзүүлэлтээр ялгардаг юм. Суурь өнгөний хөөс болон шампунь хэрэглэсний дараа үсний өнгө богино хугацаанд хадгалагдана, магадгүй эхний угаалтын дараа эсвэл 12 дахь удаагийн угаалтын дараа ч арилах талтай. Зөөлөн будаг илүү тэсвэртэй байдаг бөгөөд ийм будаг толгойг 20-25 удаа угаасны дараа арилдаг. Таны худалдан авсан бүтээгдэхүүн өнгөө хэдий хир хугацаанд хадгалхыг та тайлбараас уншиж болно. Нэр хүндтэй фирмүүд бараа бүтээгдэхүүнээ дагалдуулж заавал зааварыг нь хийсэн байдаг.
Ихэнх суурь будганд аммиак агуулагддаггүй бөгөөд найрлаганд нь орсон устөрөгчийн перекисийн хэмжээ маш бага, ойролцоогоор 3 орчим хувь байдаг. Энэ нь ийм будаг үсийг гэмтээдэггүй гэсэн үг.
Хэрэв таны үсний 50 орчим хувь нь бууралтсан байвал суурь будаг үүнийг сайн будаж, халхалж чадна. Харин бууралтсан үс үүнээс их байвал дарж чадахгүй.
Ийм будаг хэрэглэснээр таны үсэнд гэмтэл учрахгүй.
Суурь будаг үсний өнгийг өөрчилж чаддаггүй. Ийм будаг таны үсэнд гагцхүү тодорхой өнгө туяа нэмдэг. Үүнээс ийм будагт таны үсний өнгөн хэсгээр будаг оруулж, гүнд нэвтэрч чаддаггүй гэнэ.
Харин тогтвортой будаг суурь өнгөнөөс өвөрмөц.

Ийм төрлийн будаг толгойг 100 удаа угаасны дараа ч арилдаггүй. Иймээс та үснийхээ үндсэн өнгийг буцаагаад оруулья гэвэл үсээ урт ургуулж байж л үндсэн өнгөндөө орох болно.
Тогтвортой будгийг найрлаганд заавал аммиак ордог, мөн устөрөгчийн перекись нь ердий будагныхаас 3 дахин их байна.
Ийм будаг цал буурал үсэнд ч гэсэн өгө оруулдаг.
Тогтвортой будгийг хэрэглэх үед үсний бүтцэд гэмтэл учирдаг.
Ийм будаг таны үсний өнгийг үндсээр нь өөрчилнө. Энэ нь будаг таны үсэнд гүн шингэж байна гэсэн үг.
Тогтвортой будгийг хэрэглэхэд хориглох зүйл бас байна. Жишээлбэл: бөөрний өвчний үед, жирэмсний үед, хөхүүл эмэгтэйчүүд, биений юм ирсэн үед тогтвортой будгийг хэрэглэж болохгүй. Энэ будганд бас эерэг тал байна. Тослог, нарийн ширхэгтэй үстэй эмэгтэй тогтвортой будаг хэрэглэж болно. Учир нь тогтвортой будаг үсийг бага зэрэг хуурайшуулж, илүү бүдүүн хөвсгөр харагдуулдаг.

No comments:

Post a Comment